ТЦА: Нэг халбага архи жолоочын баримжаалах чадварыг 30 хувь бууруулдаг
Фейсбүүк цахим орчинд 2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр “Шал согтуу 3 нөхөр хөдөө замд хөдөлгөөнд оролцож байна” гэх замын хөдөлгөөнд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд нэн эрсдэлтэй үйлдэл гаргаж буй бичлэгийн дагуу Төв аймгийн цагдаагийн газраас тухайн тээврийн хэрэгслийг шалгахад жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь согтолт шалгах багажаар 3,43 хувийн согтолттой байсныг баримтжуулан зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1. дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах, 400,000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.
Согтуурлын зэрэг нь тухайн хүний эрүүл мэнд, ядаргаа, сэтгэл санаа, дасан зохицох байдал, хоол унд хэрэглэсэн байдал зэргээс шалтгаална. “За ганц л хундага уусан юм чинь гайгүй биз” гээд машинаа унаад гардаг. Энэ бол маш аюултай. Ердөө таван грамм буюу нэг цайны халбага орчим архи жолоочийн баримжаалах чадварыг 30 орчим хувиар бууруулдаг. Гадна орчинтой харьцах жолоочийн чадварт архины нөлөө их гэдгийг энэхүү үзүүлэлт харуулж байна.
Иймд найз нөхөд, хайртай хүмүүс чинь архи уусан л бол жолоодох эрхийг түүнд бүү олго. Энэ нь та түүнийг осол аваараас цаашлаад амь насаа алдах, бусдын амь насанд халдах эрсдэлээс хамгаалж буй хэрэг юм. Тиймээс согтуугаар жолоо барихаас өөрөө татгалздаг байх, мөн хамт архи уусан нэгнийгээ жолоо бариулаад явуулдаггүй хамт олон, найз нөхөд байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.