Дархан-Уул аймагт халдвар авсан 3 настай хүүхдийн халуун буурахгүй, хүнд байна
Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос өнөөдөр /2021.04.16/ мэдээлэл хийлээ.
Тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Сүүлийн 10 хоногийн хугацаанд Дархан-Уул аймагт бусад аймгуудаас зөөвөрлөгдсөн тохиолдол зургаа боллоо. Тус зургаан тохиолдол нь цаашаагаа зургаан хүнийг халдварлуулж 12 тохиолдол болсон. Нийт бүртгэгдсэн 194 тохиолдлын 140 нь эдгэрч гэртээ харьсан. Өнөөдрийн шинээр илэрсэн 10 тохиолдлыг нэмээд 54 хүн эмчлүүлж байна. Үүнээс гурван настай хүүхэд болон өөр нэг настай хүний биеийн байдал маш хүнд байна. тус гурван настай хүүхдийн халуун нь буурахгүй байгаа нь бидний сэтгэлийг зовоож байна.
Хэдийгээр халдварын тохиолдлуудыг хугацаа алдахгүй тусгаарлаж байгаа боловч халдварын гинжин тасрахгүй үргэлжлэх төлөвтэй байна. Сайн дурын шинжилгээ өгсөн хүмүүсээс халдвар илэрч байгаагаас харахад нийт иргэдийн дунд халдвар байна гэсэн үг. Тиймээс аймгийн хэмжээнд хөл хорионы дэглэмийг хатуу чанга мөрдөж байна” гэлээ.