Б.Ууганбаяр: Миний үг шорвог болох гээд байгаа учир Ерөнхий сайдтай тусдаа ярина
Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон тулгарч буй бэрхшээлийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа.
Тэрээр “2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс УОК-ын Шуурхай штаб Эрүүл мэндийн яамны байранд ажиллаж байна. Шуурхай штабын тогтолцоо ЭМЯ-ны бүтэцтэй нийцэж буй. Гэхдээ сүүлийн 2-3 сарын үйл ажиллагааг зохион байгуулахад хүндрэл бэрхшээл гарсан. Миний үг шорвог болох гээд байгаа учраас шадар сайдтай тусдаа ярина.
Эрүүл мэндийн салбартай ажиллахад маш их хүндрэл учирсан. Шуурхай штаб болон ЭМ-ны салбарын хооронд менежментийн хувьд мэдээлэл солилцох ажил туйлын хангалтгүй. ЭМЯ-нд яг ямар нөөц байгаа нь бүрхэг. Нөөц байна л гэдэг.
Тиймээс Шуурхай штаб нь удирдлагыг шууд хэрэгжүүлэх тогтолцоо руу шилжих нь зүйтэй. Одоо гарсан кластер халдварыг зогсооход зохион байгуулалтын асуудал чухал. Тэр тусмаа эрүүл мэндийн салбар цэгцэрч чадахгүй бол асуудал бахь байдгаараа л байна” гэлээ.