МАН-аас Ховдод нэр дэвшихээр горилж буй О.Батнайрамдал Эрдэнэтийн 49 хувь, Хөтөл зэрэг асуудлыг ярьж шүүхэд нөлөөлөх зорилготой мэдээлэл хийлээ
Маргааш /2023.11.21/ “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын 49 хувь мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК, Хөтөлийн цемент шохой ХХК-ийн тодорхой хувийг төрд авсан хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Энэ сэдэв нь МАН-ын ирэх 2024 оны сонгуулийн пиарын гол сэдэв гэж болно.
Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх О.Батнайрамдал шүүх хурал болохоос нэг хоногийн өмнө буюу өнөөдөр /2023.11.20/ хэвлэлийн бага хурал хийж, шүүхийн шийдвэрт нөлөөлөх агуулгатай мэдээллийг ярив.
Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Олон хулгайг зарласан. Гэтэл энэ хэргүүд шүүхэд очоод гацдаг. 3.5 сая иргэний анхаарал шүүх рүү хандах ёстой. Ингэж байж том хулгайн луйврыг мухарлана. Шүүх зөв шийдвэрийг гаргах нь уу гэдгийг 3.5 сая иргэн анхааралдаа авах ёстой учраас өнөөдөр дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна” гэсэн юм.
Гэвч үнэндээ шүүх нь аливаа албан тушаалтан, эрх мэдэлтнээс хараат бусаар ажиллаж, шийдвэрийг гаргах ёстой юм. Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус ажиллах орчин нөхцөлд халдаж, нөлөөлөхийг хуулиар хориглодог. Гэтэл МАН-аас 2024 онд Ховд аймагт нэр дэвшихээр горилж буй горилогч шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдож буй нь хууль зөрчиж буй үйлдэл юм.