“Щелкунчик” Цөмөгч цэрэг ба Хулганын хаан жүжгийг арванхоёрдугаар сарын 9-нөөс толилуулна
Монгол хамгийн отгон театр болох “Pro” театрын уранбүтээлчид өнгөрсөн гуравдугаар сард Францын алдарт зохиолч В.Хюго гийн “Инээмтгий хүн” романыг тайзны бүтээл болгон туурвиж үзэгчдийн хүртээл болгоод байсан бол энэ удаа Э.Т.А.Гофманы үлгэр болон П.И.Чайковскийгийн хөгжмөөс сэдэвлэн “Щелкунчик” Цөмөгч цэрэг ба Хулганын хаан жүжгийг ирэх арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.
Тус жүжгийг дөрвөөс дээш насны бүх хүн үзэх боломжтой бөгөөд хүүхэлдэйн, сүүдрийн, драмын театрын олон төрлүүдийг ашиглан туурвиж буйгаараа онцлог юм.
Дэлхийн сонгодог романтизмын томоохон төлөөлөл Э.Т.А.Гофманий 1816 онд бичсэн алдарт үлгэрт Залуу хатагтай Мари Штальбаумд зул сарын баяраар аав ээж нь нэгэн өвөрмөц бэлэг өгсөн нь дуулж ч чадахгүй бүжиглэж ч чадахгүй зөвхөн самар л цөмж чаддаг тоглоом байлаа. Анх харсан цагаас эхэлж хараанд нь өртөж сэтгэлийг нь үнэхээр их татсан тэрхүү тоглоомыг Мари Цөмөгч цэрэг гэж нэрлэв. Удалгүй шөнө дунд болоход өнөөх тоглоом нь амь орж Марийг дагуулан хулганын хаантай тулалдаж, мөн ид шидийн орноор зочилно.
Залуу хатагтай Мари хулганын хааны хараалд өртөн үзэшгүй муухай царайтай болсон цөмөгч цэргийг аварч, хамтдаа олон адал явдлыг туулах болно. Харин өглөө сэрэн болсон бүх зүйлсийг ээж аавдаа ярихад түүнд хэн ч итгэсэнгүй…
Уран бүтээлчид:
- Щелкунчик: З.Булган
- Мари: Э.Буд-Эрдэнэ, Б.Даваасүрэн
- Хулганы хаан: СТА О.Итгэл
- Фриц: А.Билгүүн, Т.Тэгш-Алдар
- Дроссельмейер: М.Төгөлдөр, Б.Билгүүн
Жүжгийн тасалбарын үнэ суудлынхаа зэрэглэлээс хамааран ₮30,000, ₮40,000, ₮50,000-ийн сонголттой худалдаалагдаж байгаа бөгөөд байгууллага, анги хамт олноороо захиалан үзэж байгаа тохиолдолд 40-50%-ийн хямдралыг олгох юм байна.