ТАНИЛЦ: 600 ширхэг их багтаамжийн автобус оруулж ирэх тендерт өрсөлдөж буй компаниуд
НЗДТГ/202310014 тендер шалгаруулалтын дугаартай “Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендерийг 2023 оны аравдугаар сарын 24-нд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласан. Ийнхүү тендерийн материалыг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний 09:00 цаг хүртэл хүлээн авч, тендерийн нээлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний 09:30 цагт нээхээр заасан юм. Энэ хүрээнд өнөөдөр нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерийн материалыг олон нийтэд нээлттэй зарлалаа.
“Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендерт нийт таван компаниас санал ирүүлжээ. Тодруулбал,
- “Майнс ап” ХХК – 178,817,556,720 төгрөг
- Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd – 147,686,834,611 төгрөг
- Yutong Bus Co.,Ltd – 165,589,920,000 төгрөг
- Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd – 156,932,775,600 төгрөг
- China North Vehicle Corporation LTD – 52,602,468 төгрөгийн үнийн санал илгээсэн байна.
Эдгээр ирсэн тендерийн материалыг үнэлэх үнэлгээний хороо нь Нийслэлийн худалдан авах газраас байгуулагдана. Тендер шалгаруулах үнэлгээний хороог хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгох үүднээс мэдээллийг нууцлалттай байлгадаг аж.
Нийтийн тээврийн автобус худалдан авах Үнэлгээний хорооны дарга Ү.Ганболд “Нийслэлийн Нийтийн тээврийн газрын автобус худалдан авах гэрээг цуцалсантай холбогдуулан улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг баталж, худалдан авах ажиллагааны эрхийг НЗДТГ-т шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу НЗДТГ-ын даргын шийдвэрээр Үнэлгээний хороог байгуулсан. Үнэлгээний хороо 2023 оны аравдугаар сарын 24-нд тендерийг зарлаж, өнөөдөр тендерийн баримт бичгийг нээж байна.
Өнгөрсөн хугацаанд тендерт оролцох хүсэлтэй этгээдүүдээс ирсэн 20 тодруулгад хариу өгсөн. Тендерийн материал илгээсэн этгээдүүдийн сонгон шалгаруулалтыг өөр үнэлгээний хороо хийнэ. Дараагийн үнэлгээний хороог нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас байгуулна” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ. Үлдсэн автобуснуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авна. Шинэ автобус худалдаж авснаараа нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийлээ гэж ойлгож болохгүй. Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулахад маш олон хүчин зүйл нөлөөлнө. Тухайлбал, иргэдийн зүгээс жолооч нарын соёл, харилцаа хандлагыг дээшлүүлэх талаар нэлээдгүй гомдол, мэдээлэл ирүүлдэг. Одоогоор жолооч нарын үнэлэмж, цалин бага байгаа. Ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох, шаардлага тавих тохиолдолд ажлаа орхиод явчихдаг жишиг байна.
Тиймээс энэ салбарын ажилчдын цалинг тодорхой хэмжээнд нэмэх шаардлагатай байгаа. Мөн шинэ автобусны гараашнуудыг шийдэх, нийтийн тээврийн маршрутыг оновчтой, зөв төлөвлөж, богино эргэлтийг бий болгох шаардлагатай байна. Түүнчлэн нийтийн тээврийн компаниудад төсвөөс олгодог татаасыг шударга, зөв зохион байгуулалттай болгох ажлуудыг цогцоор нь хийнэ” хэмээв.
Шинээр худалдан авах шаардлагатай дизель хөдөлгүүртэй, их багтаамжийн автобусны техникийн үзүүлэлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал танилцууллаа.
Тэрбээр “Монгол Улсын Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” зэрэг дотоодын болон олон улсын зохих стандартуудын дагуу шинээр нийлүүлэх автобуснуудад дараах шаардлагуудыг тавьж байгаа. Тухайлбал, 2023 онд үйлдвэрлэсэн, жолооны хүрд зүүн талд байрлалтай, суудлын тоо 26-30, зогсоо зорчигчийн тоо 50-аас дээш, нийт зорчигчийн багтаамж 80-аас дээш байх ёстой. Мөн дизель Eвро-5 хөдөлгүүртэй, 280-350 морины хүчин чадалтай, шатахууны сав 200 литрээс дээш хэмжээтэй, дээд хурд 70 км цаг байх юм.
Автобусны хана, тааз, шал нь өвөл, зуны улиралд халуун, хүйтнийг тусгаарлах, галд тэсвэртэй материалаар хучигдсан байх, шал нь зорчигчийг гулгаж, халтирахаас сэргийлсэн, эдэлгээ даах материалаар хийгдсэн байх шаардлагатай. Түүнчлэн зорчигчийн зааланд зургаагаас багагүй халаалтын төхөөрөмжтэй, нэмэлтээр урьдчилсан халаагууртай байна. Мөн үйлдвэрлэгчийн итгэмжлэл хоёр жилийн баталгаатай байх юм. Энэ мэтчилэн ослын гарц, гэрэл, агааржуулалтын систем, хяналтын систем, арал, хаалга, жолооны механизм, тосолгооны систем, тоормос, хурдны хайрцаг зэргийн техникийн шаардлагыг тодорхой заасан” гэв.
Үүний дараа сэтгүүлчид асуулт асуусан юм.
-Тендерийг хэд хоногийн хугацаанд шалгаруулж дуусах вэ?
Нийтийн тээврийн автобус худалдан авах Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Батмөнх: -Хуульд заасны дагуу 30 хоногийн дотор үнэлгээ хийх ёстой. Бид аль болох богино хугацаанд шалгаруулна. Тендерийн бичиг баримтад 600 автобусыг 183 тэрбум төгрөгөөр авахаар тусгасан.
-Автобусны гараашны талаар мэдээлэл өгөхгүй юү?
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал: -Нийтийн тээврийн гарааш орон нутгийн өмчит компаниудад хүрэлцээтэй, хувийн хэвшилд нийтийн тээвэрт явж байгаа автобусны 70 орчим хувьд нь гарааш байгаа. Энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар 12-аас дээш жил болсон 465 автобус үйлчилгээнээс хасагдана.
-Нийтийн тээврийн үйлчилгээнд хэчнээн жолооч ажиллаж байна вэ?
-Нийтийн тээврийн салбарт нийт 1887 жолооч шаардлагатай гэдэг судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар 221 жолоочийн орон тоо сул байна. Жолооч нарын гар дээр авч байгаа цалин 1.7-2 сая төгрөг байна. Автобусны хүртээмж хангалтгүй байгаагийн нэг шалтгаан нь жолооч. Иймээс нийтийн тээврийн салбарын цалинг нэмэгдүүлэхээр НИТХ-д санал гаргаад буй. Жолооч нарын 23 хувь нь 10-аас дээш жил ажиллаж байгаа.