“COVID-19 ERSDEL” аппликейшны зааврыг иргэн бүрийн гар утсанд илгээнэ
Монгол Улсын иргэн бүрийн ухаалаг гар утсанд маргааш буюу дөрөв дүгээр сарын 19-ны өглөө “Google” болон “Apple” компаниас мэдэгдэл очих болно. Үүнийг та цочирдолгүй хүлээн авч, зааврын дагуу “COVID-19 ERSDEL” системийг гар утсандаа суулгаарай.
Дэлхийн 60 гаруй улс орны 130 сая гаруй хүн ашиглаж, Covid-19 халдвартай тэмцэж байгаа бөгөөд Монгол Улсын Онцгой комиссоос монгол болон англи хэл дээр “COVID-19 ERSDEL” нэрээр монголчуудад ашиглах боломжийг “E-Mongolia”-ийн дэмжлэгтэйгээр бүрдүүллээ.
COVID-19 ERSDEL систем нь иргэдэд Covid-19 халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино.
Хэрвээ та “iPhone” хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.
Харин “Android” үйлдлийн системтэй бол “Playstore” -оос “COVID19 ERSDEL” аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.