Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газартай хамтран “Нийслэлийн боловсролын байгууллагын салбар хоорондын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн үйл ажиллагаа”-ны талаар санал солилцож, уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар боловсролын салбарт олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй төслүүдийн талаар танилцуулсан юм.

Боловсролын салбарт 60 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаагаас өнөөдрийн уулзалтад Дэлхийн зөн олон улсын байгууллага, Японы Хүүхдийг Ивээх сан, Жайка, Койка олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй төслүүд, ЕБС-ийн сурагчдын нөхөн үржихүй болон сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх “Оюу Толгой” ХХК-ийн “Гэрэл” төслийн талаар танилцууллаа.

Тухайлбал, “Гэрэл” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн сургуулиуд дээр сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх 26 танхим үүсгэн байгуулсан байна. Харин Японы Хүүхдийг Ивээх сангаас “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг энэ оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм. 2025 оныг дуустал хэрэгжих уг төсөл нийслэлийн таван дүүрэг, Ховд Говь-Алтай аймагт хэрэгжинэ.

Жайка олон улсын байгууллагын хувьд “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж буй. Уг төслийн II шатанд ердийн цэцэрлэг, сургуульд тэгш хамран сургах боловсролыг хөгжүүлж, хөгжийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдийн хамт цэцэрлэгт суралцах загвар боловсруулан, нийт цэцэрлэгт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Тэгвэл ЕБС-ийн 312 багш, сурган хүмүүжүүлэгч, 2500 гаруй эцэг эх, асран хамгаалагчдыг хамруулсан “Хүмүүжлийн эерэг арга” сургалтыг “Дэлхийн зөн”-гийн төслөөр олгож байгаа юм. Энэ төслийн хүрээнд мөн Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст хүүхдэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий өрөөг тохижуулжээ.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр “…Энэхүү уулзалтаар боловсролын салбар нь спортоор дамжуулж хүүхдэд өөртөө итгэх итгэл суулгах хэрэгцээ байгаа талаар дурдсан. Нийслэлийн боловсролын газар, Биеийн тамир, спортын газар хамтран сургууль дахь дугуйлан, секцийг дэмжих чиглэлд ажиллах шаардлагатай. Цаашид төрийн болон төрийн бус байгууллагуудын үр дүнтэй хамтын ажиллагааг боловсролын салбарт хэрэгжүүлэх шаардлагатай” гэлээ.

Харин төлөөлөгч Л.Ариунтуяа “Нийслэл хотын хэмжээнд сургалтын чанар, сурагчийн хөгжил, хамгааллыг сайжруулах, багшийн боловсролд анхаарах шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийллээ.

Уулзалтаар мөн ЕБС-ийн багш нарын ур чадвар, заах арга зүйг сайжруулах “Pearson” англи хэлний хөтөлбөр, Олон улсын “STEMWerkz” байгалийн ухааны цахим хөтөлбөрийг турших төсөл зэрэг бусад хөтөлбөрийн талаар танилцуулж, хэлэлцлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *