Аз жаргал бэлэглэгч
“Аюулт нөхцөл байдлаас хүний амийг аварч бусдад их тус хүргэдэг гэдэг утгаараа гал сөнөөгчдийн 80 хувь нь өөрсдийн хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байдаг” гэсэн дүгнэлтийг Чикагогийн их сургуулиас хийсэн нийгмийн суурь судалгаа харуулжээ. Олонх нь бухимдалд автсан энэ нийгэмд аз жаргалаар бялхаж гэр бүлээрээ бусдад аж жаргал бэлэглэдэг гэх бахархалтайгаар амьдрах нь юутай сайхан бэ. Ажилдаа гарцаагүй сэтгэл хангалуун нь илэрхий, гал сөнөөгч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах аврах X ангийн салаан захирагчийн туслах ахлах ахлагч Д.Ганзоригтой ярилцлаа. Түүний яриа бүхэлдээ өөдрөг үзэл, бахархал омогшлоор бялхаж байсан нь ажлаасаа халшрах, хойш суух хам шинжид өртсөн сэтгүүлч надад ч урам зориг, аз жаргалтайгаар ажиллаж чадах итгэлийг өгсөн юм.
-Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Аав маань Архангай аймгийн харьяат. Гэхдээ Дарханд ирж суурьшсан учраас дунд сургуулиа би Дарханд төгссөн. Сургуулиа төгсөөд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд цэргийн алба хаасан. Тэр үед манай хоёр ах Дархан-Уул аймгийн гал унтраах 22 дугаар ангид ажилладаг байлаа. Том ах жолоочоор, харин яг миний дээд талын ах гал сөнөөгч. Бас нэг найз маань ч тус 22 дугаар ангид гал сөнөөгчөөр ажилладаг байсан юм. Намайг цэргээс халагдахад буюу 2002 онд Дарханаас Улаанбаатарт шилжин ирж Чингэлтэй дүүргийн Гал унтраах одоо миний ажиллаж байгаа энэ ангид гал сөнөөгчөөр ирсэн байлаа. Би ч цэргээс халагдаад хотод ирж, найзтайгаа уулзахаар ажил дээр нь их очино. Тэр үед хонх дуугараад найз маань галын дуудлагаар явна. Дуут дохиогоо хангинуулсан улаан машинд суугаад гарахад нь их бахархдаг байв. Тэгж яваад л энд ажилд орсон доо. Бараг 20 жил яг энэ ангидаа бууриа сахиж, тогтвор суурьшилтай ажиллажээ.
-Эхнэрийг маань Ц.Өсөхжаргал гэдэг. “Өргөө” амаржих газар эх баригчаар ажилладаг. Хотод гал сөнөөгчийн ажилд ороод ээлжийн амралтаараа Дарханд гэртээ харих үедээ анх танилцсан. Эхнэр маань Увсынх, тухайн үед Дарханы анагаахын сургуулийн оюутан байв. Сургуулиа төгсөхөд нь Улаанбаатарт суурьшиж гал голомтоо бадраасан даа. Эхнэр хорвоод мэндэлж байгаа нялх үрсийг эх барьж, би хүний амь нас, эд хөрөнгө авардаг буянтай сайхан мэргэжилтэй. Гэр бүлээрээ айл гэрт аз жаргал бэлэглэдэг гэдэгтээ маш их бахархаж явдаг. Манайх 14,9, 5 насны гурван хүүхэдтэй. Байгууллага маань ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулсан. Манайх хамрагдаж орон сууцтай болоод дөрвөн жил өнгөрчээ.
-Анхны галын дуудлага, Баянбүрдийн гэр хороололд айлын байшин шатаж байхад очиж байв. Шинэ гал сөнөөгчийн хувьд их сүрдмээр юм билээ. Гэхдээ дадлага сургуулилт, ах нарын заавар, багийнхантайгаа хамтран амжилттай унтраасан. Тэр үеэс хойш 2000 гаруй дуудлагад гарч 1000 орчим хүнийг утаажилтын бүсээс гаргажээ. 2012 онд Баянгол дүүргийн арктай шар байрны узелийн өрөөнд шөнийн цагаар амарч байхдаа угаартаж ухаан алдсан сантехникийн ажилтны амийг аварсан юм. Тухайн үед хаалга нь цоожтой, жижигхэн салхивчаар нь амьсгалын бие даасан төхөөрөмжтэй орсон. Тэгээд “Онц гал сөнөөгч” тэмдгээр шагнуулж байлаа. Ер нь хүмүүсээс баярлалаа гэдэг үгийг их сонсдог. “Хурдан ирж амь нас эд хөрөнгийг минь хамгаалж өгсөн” гээд утсаар, бичгээр байгууллагад маань талархал их ирүүлдэг. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах аврах X ангийн хувьд нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага 50-70 хувьд явдаг онцлогтой. Зөвхөн Чингэлтэй гэхгүй III, IV хороолол, Гэмтлийн эмнэлэг, Зурагтаас гадна бүх дүүрэгт хүч нэмж нэмэлтээр гарна. Манай анги гал унтраах, аврах гурван тасагтай. Миний хувьд хоёрдугаар тасгийг удирдан авч гардаг. Манай тасаг даргаас гадна, жолооч, дөрвөн гал сөнөөгч, холбоочин гээд зургуул.
-Цаг агаар, орчны нөхцөл байдлаас хамаарч гал хаашаа ч эргэж болдог. Барилга обьектийн онцлогоос хамаарч хаана ямар ч хүндрэл үүсч магадгүй. Тиймээс гал сөнөөгч хүн түргэн сэтгэх, нөхцөл байдалдаа тохирсон шийдвэрийг хурдан гаргах шаардлага тулгардаг. Тиймээс авхаалж самбаа хурдтай байх ёстой. Мөн баг ахлаж яваа хүн, хэн нь хаана юу хийж байгааг мэдэрч ажилладаг байх чухал. Гал дээр очихоос өмнө утааг нь хараад дүгнэлтээ өгдөг. Нэлээд дэлгэрсэн гал байвал очихоосоо өмнө нэмэлт хүч авах гэх мэтээр замдаа шийдвэрээ гаргаж явдаг.
-Би ер нь гал сөнөөгч болоогүй бол хаана юу хийгээд явж байхаа төсөөлдөггүй. Энэ байгуулагад орсондоо үргэлж бахархаж явдаг. Анги маань миний хоёр дахь гэр. Хамт олон минь ч хамаатан садангаас өөрцгүй шүү дээ. Жаргал зовлонгоо ярина. Хоол ундаа хувааж иднэ. Амралтаа аваад сайн бол долоо хоноод л ажлаа санаж эхэлнэ. Гадуур дохио дуугаргаад давхиж яваа машинаа хараад гэгэлзэнэ. Уг нь тэтгэвэрт гарах болзол дөхөж байгаа. Гэхдээ тэтгэвэрт гарах бодол алга. Офицер болно. Би сая Дотоод хэргийн их сургуулийн таван жилийн эчнээ ангийг гамшгаас хамгаалах мэргэжлээр төгссөн. Сургуульд сурсаныхаа үр шимийг гаргана. Өмнө нь практик дээр мэдлэг олж авсан. Сая онол сурлаа. Их сургуульд элсээгүй байхдаа юмыг хар ухаанаар л боддог байсан юм байна лээ. Онол практик хоёрыг хослуулна гэдэг их өөр юм. Харьцуулах юм ч их гарна.
-2021 онд өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн нь бас нэг их сургууль болсон. Очоод буу зэвсэгтэй харьцахаас эхлээд бүх юмыг анхнаас нь сурсан. Өмнө нь хэзээ ч төсөөлж ч байгаагүй газар очиж үзлээ. Улаан шороо эргэлдсэн, намхан өвстэй маш халуун. Хөөрхий нутгийн хүмүүс хоол нэхнэ. Хүүхдүүд нь монголоор ярина, ганц чихэр ч болтугай өгөхийг хичээдэг байлаа. Тэнд борооны болон халууны гэсэн хоёрхон улиралтай. Хүүхдүүд борооны тогтоол усанд сэлнэ, хувцсаа угаана. Харахад сэтгэл шимширдэг байлаа. Тэр хүмүүсийг хараад “Монголд төрсөн бид азтай хүмүүс шүү” гэж өөрийн эрхгүй бодогддог юм билээ. Монгол сайхан, ийм сайхан эх оронтойдоо бахархаж омогшихоос аргагүй.
-Галын байгууллагад шинээр орж ирсэн залуустаа халамжлан хүмүүжүүлэгч томилж өөрийгөө болон бусдыг аврах арга ухааныг бүгдийг нь зааж сургадаг. Сэтгэл зүрхээ зориулаад тууштай ажиллахаар зориг шулуудан орж ирсэн сайхан залуус олон. Мэдээж хүн болсон хойно шантардаг, гадагшаа явах боллоо. Ажлаасаа гарлаа гэх нь ч бий. Уг нь хүний төрөлх нутаг, эх орон гэдэг сайхан. Гэр орон хайртай хүмүүстэйгээ хамт байхаас өөр аз жаргал юу байх вэ. Дээр нь төрийн байгууллагад ажиллах нь нийгмийн баталгаа болчихож байна. Тиймээс харь оронд явахаасаа өмнө жаахан хүлээцтэй тэвчээртэй хэдэн жил ажиллаад үзээсэй гэж бодож, зөвлөдөг. Бас залуу нас, эр зоригийн энэ албанд орж ажиллаарай гэж уриалж байна. Алба хаагчдын цалин, нийгмийн баталгаа, хангамж маш сайн болсон. Өмнө нь бид нэг хувцас, хэрэгслийг хүлээлцэж, ээлжилж хэрэглэдэг байв. Одоо бол өвөл зуны, усны хувцас хамгаалах хэрэгслийг хүн нэг бүрт олгодог болсон. Дээр үеийн орос машин битүүмжлэл муутай өвөл хүйтэн, зун халуун. Одоогийн машин техник тохилог дулаан, үүргээ гүйцэтгээд буцахад даарч хөрнө гэж байхгүй. Нэмээд цэргийн байгууллага, албаны онцлогоос шалтгаалаад алба хаагчид маш сайн төлөвшил, хүн ёсны боловсролтой болдог онцлогтой алба даа.
-Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэдэг. Байлдааны тархалт, 4х4, довтолгоо, саадтай 100, гурав сунадаг зэрэг таван төрлөөр тэмцээн болдог байсан юм. Сүүлд дөрвөн төрөл болсон. 2013 онд БНСУ-д болсон Дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн баг тамирчидтайгаа орон нутгаас шалгарч оролцсон. 2014 онд Алмата хотод болсон тэмцээнд амжилттай оролцож олон улсын мастерын болзол хангаж байв. 2016 онд Булган аймагт болсон гал унтраах техникийн олон төрөлт спортын 60 жилийн ойн тэмцээний үеэр зодог тайлсан. Энэ тэмцээн гал сөнөөгчдийн мэргэжлийн тэмцээн. Гал унтраах ангийнхны яг суурь нь болдог. Гал түймэр унтраах явцдаа гал сөнөөгчдийн хийдэг хоолой шланк дэлгэх, шаттай харьцах, байлдааны тархалт хийх зэргээр явагддаг юм. Хурд нь секунд долиор хэмжигдэнэ. 2023 оны гал унтраах олон техникийн олон төрөлт тэмцээний Дэлхийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн есдүгээр сард Турк улсын Станбул хотод болж Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Аюулгүй байдлын нэгдсэн үнэлгээний төвийн дарга, хошууч Э.Энхбат бид хоёр дасгалжуулагчаар явсан. 4х100 метр төрөлд Монгол Улсынхаа рекордыг шинээр тогтоож, 57.77 болгож ирсэн. Энэ нь 100 метрт 57 секунд 77 доль хугацаанд гүйсэн гэсэн үг. Зүгээр гүйчихгүй шүү дээ, зам бүр дээр өөр өөр төрлөөр өрсөлдөөд хамгийн сүүлд гал унтраах хороор тэвштэй гал унтраагаад барианд орж ирдэг. Энэ төрөлд ОХУ-ын тамирчид ер нь тэргүүлсээр байгаа. Тэд бол жилийн турш заалны бэлтгэл хийж хүүхдүүдийг багаас нь энэ спортоор хичээллүүлж тэднээсээ сонгон шалгаруулж авч байна. Манайх улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээн жилд нэг болоод тэднээсээ сонгоод дэлхийн аваргад ордог. Яг одоо ажиллаж байгаа алба хаагчдаасаа шигшиж оролцуулдаг. Жинхэнэ залуу насны, хурд хүч шаарддаг тэмцээн учраас зодог тайлсан. Одоо бол сагс сонирхоно. Гэхдээ энэ байгууллагад орсноосоо хойш хөл бөмбөг, волейвол гээд бүх төрлийн тэмцээнд оролцсон доо. Спортоос гадна төрөл бүрийн эмблем цуглуулдаг. Энд тэнд очсон явсан газраасаа цуглуулна. Бас хүмүүстэй солилцоно.
-Бидний ажлын үндсэн чиг үүрэг бол хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах л юм шүү дээ. Авран хамгаалахаас илүү урьдчилан сэргийлэх учиртай. Тиймээс бид урьдчилан сэргийлэх ажлыг сар, улирал бүр хийж байна. Сургалт сурталчилгаа хийнэ. Ярина, ойлгуулна. Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээ ингэж хамгаалаарай гэхэд хүмүүсийн хүлээж авах чадвар, ухамсар их сайн болсонд тун баяртай явдаг.
Эх сурвалж: Онцгой мэдээ сонин
I like this weblog it’s a master piece! Glad I noticed this ohttps://69v.topn google.Blog range