Дэлхийн хамгийн “ганцаардмал” заан үхжээ

Дэлхийн хамгийн их ганцаардмал заан Манила хотын амьтны хүрээлэнд үхжээ. Мали нэртэй энэ эмэгчин заан сүүлийн 40 гаруй жил ганцаараа амьдарсан юм.

Манила хотын захирагч Хани Лакуна зааны үхлийн талаар сошиал хуудсандаа анх мэдээлж, эмгэнэл илэрхийлжээ. Баасан гарагт Мали соёогоо хананд зогсолтгүй үрж эхэлснийг мэргэжилтнүүд түүнд ямар нэг өвчин шаналал байгаагийн шинж гэж үзэж байв.

Мягмар гарагийн өглөө заан хажуугаараа хэвтээд хүндээр амьсгаадаж эхэлжээ. Амьтны хүрээлэнгийн эмч нар эм, амин дэм өгсөн ч үдээс хойш нь заан амьсгал хураасан байна. Задлан шинжилгээгээр зааны зарим эрхтэнд хорт хавдар үүсэж, гол судас нь бөглөрснөөс үхсэнийг тогтоожээ.

Мали зааныг 1981 онд Шри-Ланкын засгийн газраас Филиппиний тэргүүн хатагтай Имелда Маркост бэлэглэж байв. Манилад ирэхдээ заан 11 сартай байжээ. Тэр үед Манила хотын амьтны хүрээлэн 1977 онд хүлээж авсан Шива нэртэй бас нэг заантай байсан нь 1990 онд үхсэн байна. Тэр үеэс хойш Мали цор ганцаар амьдарч иржээ.

Малигийн эрүүл мэндэд санаа зовсон амьтны эрхийг хамгаалагчид түүнийг дархан цаазат газарт тавьж явуулахыг олон удаа уриалж байв.

Гэвч амьтны хүрээлэнгийн захиргаа зааныг зэрлэг байгальд амьдарч чадахгүй гэсэн тайлбар өгдөг байжээ.

2012 онд Битлз хамтлагийн гишүүн, Сэр Пол Маккартни тухайн үеийн Филиппиний ерөнхийлөгч Бенино Акинод захидал бичиж, Мали зааныг суллахыг хүсэж байв.

“Одоо Манилагийн амьтны хүрээлэнд хоригдож буй ганцаардсан Мали зааныг Тайландын дархан цаазат газарт аль болох хурдан шилжүүлэхийг уриалсан олон хүний дуу хоолойг хүргэхийн тулд би энэ захиаг илгээж байна” гэж тэр бичиж байжээ.

“Smiths” хамтлагийн дуучин Морриссей ижил утгатай захиаг Филиппиний удирдагчдад бас бичиж байсан юм.

“Дэлхийн хамгийн гунигт амьдралтай заануудын нэг нас барлаа. Амар амгалан нойрс доо. Мали, чи илүү ихийг хүртэх ёстой байсан юм” гэж PETA (People for the Ethical Treatment of Animal) амьтны эрхийг хамгаалах байгууллага эмгэнэлдээ бичсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *