Хүмүүжлийн эерэг аргын хөтөлбөрийн чиглүүлэгч багш нарыг бэлтгэлээ
Хүүхдийг Ивээх Сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран эцэг эх, асран хамгаалагчдын хүүхдээ хүмүүжүүлэх зан үйл, хандлагад нөлөөлөх “Өдөр тутам хэрэглэх Хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөрийн чиглүүлэгч бэлтгэх сургалтыг 8 дугаар сарын 22-25-нд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгуулав.
Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон сургалтыг нээж хэлэхдээ, “Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх нэг чухал арга хэлбэр бол эцэг эх, асран хамгаалагчдын хүүхдээ хүмүүжүүлэх зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн, шинжлэх ухаан нотолгоонд суурилсан арга зүй бүхий хүмүүжлийн эерэг аргыг зааж өгөх, түгээх явдал юм. Хүмүүжлийн эерэг аргын арга зүй бол Канад Улсын Манитобагийн Их Сургуулиас эхтэй бөгөөд, тус улсын PDEL байгууллага, Японы Хүүхдийг Ивээх Сантай хамтран түгээж байгаа мэдлэг бөгөөд энэхүү олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны нэг тал болж, Монгол Улсаас төлөөлөн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ оролцож, бид энэ чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллаж байна” хэмээн онцлов. Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Сургалт судалгаа, мэдээллийн төвийн захирал Г.Ариунчимэг “Өөрийн аргачлал, арга зүйтэй энэ сургалтын хөтөлбөрийг эзэмшихэд төр манлайлан оролцож байгаа. Өөрөөр хэлбэл төрөөс илүү анхаарал тавьж байгаа тул та бүхэн төрийн өмнөөс хариуцаж, төрийн зарим чиг үүргийг орон нутаг, иргэд, эцэг эхчүүдэд хүргэх үүрэг хүлээж байгаа” хэмээн хэллээ.
Хүмүүжлийн эерэг аргын хөтөлбөр нь эцэг, эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгөхөөс илүүтэй хүүхдээ хүмүүжүүлэх, тэдний зан үйлд нөлөөлөх, хүүхдээ хүмүүжүүлж буй өөрсдийн арга барилаа эргэцүүлэн дүгнэх, турших, өдөр тутмын амьдралдаа хүмүүжлийн эерэг аргыг хэрэгжүүлэх арга зүйд сургадаг. Оролцогч нийслэлийн Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Эрдэнэцолмон “Энэ сургалт хүүхдийг хэрхэн зөв хүн болгох, чиглүүлэх талаар сууринаас нь ойлгомжтой, энгийнээр ойлгуулж байгаагаараа давуу талтай. Бид чиглүүлэгч багш болсноор маш олон гэр бүлийг чиглүүлж, хүүхдүүдээ зөв хүн болгон өсгөх боловсролыг олгох юм” хэмээн ярилаа.
Энэ удаагийн сургалтад нийслэлийн дүүргүүдийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд, сэтгэл зүйчид, Сүхбатар дүүргийн Насан туршийн боловсролын төвийн багш нар, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн чиглэлээр ажилладаг дотоодын төрийн бус байгууллагын ажилтнууд зэрэг нийт 13 хүн хамрагдаж, хүмүүжлийн эерэг аргын хөтөлбөрийн чиглүүлэгч болов. Бэлтгэгдсэн чиглүүлэгчид 2023 оны 10 дугаар сараас эхлэн эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх урт хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэх юм.