О.Цогтгэрэл: Бид алдаагаа харчихсан учраас засаад урагш алхана гэдэгтээ итгэлтэй байна
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр, УИХ-ын гишүүн асан, Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар “Ирээдүйдээ өр биш өв үлдээдэг байх” Үндэсний баялагийн сангийн хуулийн талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Одонгийн Цогтгэрэл: Ардчилсан намд өнгөрсөн хугацаанд дотоод зөрчил, үл ойлголцох олон зүйлүүд байсан. Ардчилсан намын дотоод зохион байгуулалтууд хийгдэж, бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдэж гадагш гарч ажиллах, хурдлах боломж, бололцоо бүрдэж байна. Ардчилсан намын өөрийн соёл маш онцлогтой. “МАН” босоо удирдлагатай дээрээс хэн нэг дарга нь шууд чиглүүлдэг бол Ардчилсан нам харьцангуй хэвтээ зохион байгуулалтад тулгуурласан, дотоод ойлголцлыг эрхэмлэдэг улс төрийн хүчин юм. Үүнийг шинээр томилогдож байгаа ЕНБД-ийн үүрэг гүйцэтгэгч илүүтэй мэдэрч ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Нүүрсний сонсголын асуудлыг иргэд, олон нийт чих тавин хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл 40 их наядын асуудал яригдана гэсэн хүлээлт байсаар байна. Гэвч Түр хорооноос зохион байгуулалт хийж буй нөхцөл байдлыг харахад энэ асуудлаар юу ч яригдахгүй нь. Түр хороонд АН-ын зүгээс орж ажиллаж буй гишүүдэд өнөөдрийг хүртэл ямар ч мэдээлэл байхгүй, олонхын бүлгээр хаалттай хуралдаж байна. Эрдэнэс таван толгой компанийн захирлаар ажиллаж байсан Ганхуяг гэдэг хүнийг хуулийн байгууллагын зөвшөөрсөн хүрээнд оролцуулж мэдээлэл өгүүлэхийг Д.Ганбат гишүүн бид хоёр шаардаж байна.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр: Хүний алдар хүнд, нэр төрд халдахгүй зарчим ярьдаг байх, улс төр хийдэг байх ёстой. 2012 онд манай нам олонх болж засгийн эрхийг авсан. 2014 онд засгаа унагаасан. 2016, 2020 оны сонгуулиудад ямар үр дүн гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Энэ бүх ялагдлын шалтгааныг харахад нам дотроо ярихгүй, ард түмнээ чин сэтгэлээсээ сонсож чадаагүй учраас ийм үр дүнд хүрсэн.
Би гэхээс илүүтэй Ардчилсан нам гэх маш олон лидер, довтлогчтой хөл бөмбөгийн багийн хаалгагч, холбогч хийж ажиллана. Гэхдээ бидэнд нэг л менежмент хэрэгтэй энэ бол хамтарч ажиллах юм. Бид алдаагаа харчихсан учраас энэ алдаагаа засаад урагш алхана гэдэгтээ илтгэлтэй байна. Үүний төлөө ажиллах болно. Хийж чадах уу гэдэг асуудал манай намд байхгүй, маш олон потенциалтай лидерүүд байна.
Надад нэг мөрөөдөл бий монгол паспортыг дэлхийд үнэ цэнтэй, хамгийн хүчтэй болгохын тулд би, бид ажиллах болно. Ямар орны иргэдийн паспорт үнэтэй байдаг вэ гэхээр эдийн засгийн эрх чөлөөтэй, хувь хүний эрх чөлөөтэй, амьдрах орчин нь бүрдсэн, иргэд нь гадагшаа гарахдаа мөнгө олох гэж биш мөнгө үрэх гэж явдаг иргэдийн паспорт хүчтэй, үнэтэй байдаг. Ийм иргэдтэй, ийм монголыг бид бүтээх болно.
Нэр дэвшилт болоод бусад асуудлын хувьд шийдвэр гаргахдаа ард түмнийхээ санаачилгыг сонсож, намын дотоод эв нэгдлийг хангах шийдвэрийг гаргана. МАН-ын намаас хараат болоогүй, болох ч үгүй гэдгийг хэлье. МАН-ын буюу хажуугийн усан онгоцны захирагчийг таньдаг байлаа гээд өөрийнхөө усан онгоцыг живүүлэхийг хүсэхгүй.
Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал Загдхүүгийн Нарантуяа Zagdkhuu Narantuya: Өнгөрсөн 10 сарыг бид Монгол Улсыг бүтэн тойрч 62000 орчим мянган иргэдтэй уулзаж “Өрийн дарамтгүй Монгол”үндэсний хэлэлцүүлгийг хийлээ. Иргэд, аж ахуй эрхлэгчдийн маань өнөөдрийн нөхцөл байдал ямар түвшинд байгаатай бодитоор танилцсан сарууд өнгөрлөө. Бид энэхүү хэлэлцүүлгийн үр дүнг бодлого боловсруулах суурь болгон ажиллаж байна. Стратеги бодлогын судалгааны хүрээлэн дээр бодлогын судалгаанууд үе шаттайгаар хийгдсээр байна.
Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, чөлөөт эдийн засаг руу, зөв зам руу гаа орохгүй бол ужгирсан хямралууд бий болсоорбайна. Өөрөөр хэлбэл хөгжил нь мухардалд орсон улс болсон байна.
Ардчилсан нам 12-р сарын 06-ний өдөр бодлогын концепцоо гаргах болно. Бүх лидерийнхээ үйл ажиллааг танилцуулна. ЕНБД бол МАН-ын дарга шиг нүсэр бүтцийг дээрээс зангиддаг дарга биш олон ургалч бодлыг нэг бодлого болон зангиддаг модераторын үүрэгтэй хүн юм. Бид цаашид ирж буй 6 сард хамгийн ойлгомжтой, хамгийн зөв бодлого, мөрийн хөтөлбөрийг танилцуулах болно.