ХУУЛИЙН ТӨСӨЛ: Зөвшөөрөлгүй таксинд явбал 3 сая төгрөгөөр торгох заалт тусгагджээ
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулж, таксины үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгээр явуулах заалт оруулсан. Такси үйлчилгээнд явах бол зөвшөөрөл авч, тусгай тоноглол тавьж, шар дугаартай байх ёстой гэсэн заалт оруулсан байна.
Зөрчлийн тухай хуульд зөвшөөрөлгүй такси үйлчилгээнд явуулбал 3 сая төгрөгөөр торгохоор заасан байна. Өнөөдөр зөвшөөрөлтэй, шар улсын дугаартай 200-хан такси байна.
UB Cab-д 40 мянган жолооч бүртгэлтэй, такси үйлчилгээг хэрэглэгч нь 900 мянга болсон байна. Улаанбаатар хотын такси үйлчилгээг хувийн машинтай хүмүүс хариуцаж байна.Тэгэхээр энэ заалтаар тэр хувийн машнтай хүмүүсийг торгох болоод байна. Нийтийн тээврийн хүртээмж хангалтгүй байгаа энэ үед хотын замын түгжрэл улам нэмэгдэх юм биш үү. 3 саяын торгууль бол маш өндөр торгууль байна.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, UB Cab-ын үйлчилгээ таксины үйлчилгээнд хамаарахгүй. Энэ хуульд батлагдаж, мөрдөгдөж эхэлсний дараа UB cab-ын Car sharing үйлчилгээг журмаар зохицуулж өгөх юм. Ирэх оны 10-р сарын 1-нээс тусгай зөвшөөрөлтэй иргэд таксины үйлчилгээ эрхэлнэ.
Таны хэлсэн 40 мянган жолооч өдөр тутам такси үйлчилгээнд явдаггүй. Ажил руугаа гэрээ харих замд ч юм уу, чиглэлийн дагуу таксины үйлчилгээ үзүүлдэг нь судалгаагаар тодорхой болсон” гэв.