Улаанбаатар ЮНЕСКО-гийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд гар урлал, ардын урлагаар нэгдэн орсон анхны хот боллоо
Монгол улсын нийслэл Улаанбаатар хот ЮНЕСКО-гийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдлээ. Улмаар энэхүү сүлжээнд нэгдсэний батламж гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болов. Ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, ЮНЕСКО-ийн Зүүн ази дахь Төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”-ийн дарга Г.Гангамөрөн болон бусад төлөөлөгчид оролцлоо.
ЮНЕСКО-гийн “Бүтээлч хотуудын сүлжээ” нь тогтвортой хөгжлийн төлөө соёл, бүтээлч байдал болон инновацад хөрөнгө оруулалт хийж буй хотуудын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилго бүхий санаачилга юм. Анх 2004 оны зургаадугаар сард байгуулагдсан бөгөөд өдгөө 80 гаруй улсын 355 хот энэхүү сүлжээнд нэгдэн оржээ. Улаанбаатар хотын хувьд гар урлал, үндэсний хувцас, үндэсний бүжгээр тус сүлжээнд нэгдэж, бүтээлч хотоор сонгогдсон аж. Энэ нь үндэсний өв соёл, уламжлалаа дэлхийн 355 хотод сурталчлан таниулах боломж бүрдэж байна гэсэн үг. Нөгөөтээгүүр Улаанбаатар хот болон ЖДҮҮ эрхлэгчид Дэлхийн хотуудын өмнө өндөр хариуцлага хүлээж байгаа юм.
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ийн дарга Г.Гангамөрөн “НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн 11 дэх зорилтыг эрчимжүүлэх хүрээнд бүтээлч үйлдвэрлэлийн салбараар хотын эдийн засгийг өсгөж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой ажилладаг. Бид хагас жилийн хугацаанд энэхүү сүлжээнд нэгдэх ажилд бэлдэн, гурван төрлөөр хүсэлтээ илгээж ийнхүү өнөөдөр батламжаа гардан авлаа. Цаашид эдгээр чиглэлд “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдсэн бусад хоттой хамтран ажиллах, олон улсад соёлын өвөө таниулах, олон улсын зах зээлд гарах таатай боломж бүрдэж байна” гэлээ.
ЮНЕСКО-ийн Зүүн ази дахь Төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан “Та бүхний өвлөн үлдээж байгаа ардын бүжиг, хувцас урлал өөрийн гэсэн онцлогтой. Улаанбаатар хот “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдэж орсноор Монгол Улс олон улсад танигдахад чухал алхмыг хийж байна. Бүтээлчээр ажлын байр бий болгох нь залуучуудад маш их хэрэгтэй. Олон хоттой хамтран иргэддээ шинэ боломжуудыг бий болгож ажиллана гэдэгт итгэж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
“Бүтээлч хотуудын сүлжээ”-нд Улаанбаатар хот нэгдэн орсноор ЖДҮҮ эрхлэгчид шинэ түвшинд гарч, дэлхийн зах зээлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг таниулаад зогсохгүй хотын эдийн засаг, тогтвортой хөгжилд чухал үзүүлэх боломж бүрдэж байна.