Лу.Гантөмөр: Утаа, түгжрэлийг шийдэх гарц нь шинжлэх ухаан, боловсрол

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн залуучуудад зориулсан илтгэлийг бүрэн эхээр хүргэж байна.Тэрбээр тус илтгэлдээ Япон, Монгол оюутны ялгаа хийгээд боловсролын үнэ цэнийн талаар онцгойлон дурджээ.

Залуу нас бол хүн төрөлхтөний бүхий л цаг үед хамгийн содон дүр, сонин үзэгдэл байсаар ирсэн, байх ч болно. Аль ч улс орны жинхэнэ эзэд нь залуус. Тэд асуудалд шийдэл олж, шийдлээ амь оруулж, амьдралд хэрэгжүүлдэг. Өнөөдрийн Монголд ийм л залуус амьдралыг зурж байна.

Би 1992 онд 19 настай залуу хилийн дээс алхаж байлаа. Японд очсон даруйдаа миний мэдэрсэн хамгийн том мэдрэмж бол тэнд би үеийнхэнтэйгээ хамт байхаар ерөөсөө нийцдэггүй. Япон залуус компьютер их тоглодог, хөл бөмбөг, урлаг, гоё дуучид, онигоо гээд маш олон зүйлийн тухай байнга ярьдаг.

Гэтэл би чаддаггүй. Улс орон минь, эх орны ирээдүй яах бол, Япон хэрхэн хөгжөө вэ, тэдний дараагийн алхам, эзлэх амжилтын оргил нь юу вэ гэх мэт бодолд тувт ээрэгдээстэй. Тэгээд ч тэр үү, өөрөөсөө 5, 10 зарим үед бүр 30 насаар ах хүмүүстэй уулзахаар яриа нийцтэй. Хэдэн цагаар ч хамаагүй яриад суучихдаг байсан.

Би цэвэр шунжлэх ухаанд суралцаж байсан, цаашид электроникийн инженер болохоор суралцсан.

2023 оны арванхоёрдугаар сарын 2. “DEMOCRACY CALLING” арга хэмжээ боллоо. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

18 настайдаа анхныхаа программаа хийж зарсан. Тэр үедээ “электроник нь илүү чухал юм байна” гэдгийг ухамсарлаад эргэж ирж байсан. Мэдээллийн технологи, робот, хиймэл оюун ухаан, тэд яагаад яг хүн шиг байж болохгүй гэж гээд шинэ бүгдийг судалж байлаа. Харин сэтгэлгээ минь яг л аав шиг, ээж шиг, багш нар шигээ, яг л нутгийн ахмад настнуудтай адил байсан. Мөн Японы 40, 50 настнуудтай адил. Тэр үед Монголын залуус бид ийм л байсан.

Тэгвэл өнөөдөр, Та бүхэн поп урлагийн дэлхийн шилдгүүдийг сонсож байна, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн контентуудыг үзэж байна, улс орнуудын мэдээ мэдээлэлтэй цаг тухай бүрт нь танилцаж байна. Хүүхдүүд ВВС үзэж байгаа. Нэг настайгаасаа англи хэл дээр хүүхэлдэйн кино үзэж байгаа. Долоон настайдаа цэвэрхэн дуудлагатай яриад сурчихсан байна. Youtude дээр бүх сувгийг үзэж байна. Монголд хамгийн их гүйлгээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ гар утас, дата. Учир нь тэд аав ээжтэйгээ ярихаас өмнө цахим ертөнцдөө очиж байна.

Өчигдөр, өнөөдрийн Монголын залуус, нийгмийн гол ялгаа энд гарч байгаа гэдгийг бид харж байна.

Хүүхэд залуус дэлхийн залуустай нэг тавцанд дээр байгаа нь сайн хэрэг. Гэхдээ бидэнд дутуу зүйл их байна. Агаарт гарч, тоглох гэхээр утаа, сурах гэхээр боловсролын салбарын санал болгож байгаа агуулгын цар хүрээ итгэлгүй, төгсөөд ажил олдох эсэх бүгд эргэлзээтэй. Нөгөө талаасаа бүгд фэйсбүүкчин болчихсон. Сүүлдээ тэр олон мэдээ мэдээллийн үнэн зөвийг ялгахаа байсан. Юунд итгэхээ мэдэхгүй болсон. Залуусын 30-40 хувь нь бидэнд улстөр хамаагүй гэж байна. Удахгүй 50 хувь болно.

Яагаад гэвэл итгэл төгс зүйл гэж алга. Үнэн алга.Намайг яагаад 22 настай электрон жаал Энхпүрэвийг зөвлөхөөрөө авч байгаа тухай олон хүн асууж байсан. Хүүхэд бүрт боломж байгаа. Хүүхэд бүр өөрт байгаа чадвар, нөөц боломжоо ашиглаж, хөгжих тэр системийг нь угсрая гэж би зориглосон. Гэтэл угсрах чадал чадвартай хүн байхгүй байсан. Би энэ залууг онцгой байж магадгүй гэж мэдэрсэн. Тэгээд би зөвлөхөөрөө авсан. Түүнээс би нэг л зүйлийг сурсан. Боловсрол гэж, юм сурна гэж юу вэ гэдгийг л энэ залуугаас харсан. Үүнийг Монголын боловсролын философид оруулж ирсэн.

Сурна гэдэг бол сонсох, харахын нэр биш. Бид фэйсбүүкээс бүгдийг үздэг. Гэхдээ нэг нь ч биднийх болж үлддэггүй. Яагаад гэвэл биднээс үнэн хол байна вэ. Учир нь Монгол Улс шинжлэх ухаанаас холдсон. Шинжлэх ухаан бол хорвоогийн нууцыг тайлдаг цорын ганц үнэн. Зөв хариулт байдаг учраас тоог боддог. Хариу нь ганц л үнэн байдаг. Шинжлэх ухааныг хүн нээсэн юм бол өөрөө суралцах, өөрөө нээж олох хэрэгтэй. Энэ нь л өөрт нь үлддэг юм байна. Ингэсэн хүн л үнэн хүн болдог юм байна. Энэ бүгдийг Энхпүрэв надад ойлгуулсан. Утаа, түгжрэл, бусад асуудал бүгдийг шийдэх нь ерөөсөө л шинжлэх ухаан.

Би сайд байхдаа хиймэл оюун ухааныг их судлаад нэг л зүйлийг олж мэдсэн. Хүний уураг тархи үнэхээр адилхан юм байна. Японд байхад тэнд надаас илүү тоо боддог хүн байгаагүй. Тэгэхээр энэ их хөгжил дэвшил бол шинжлэх ухааныг л тогтвортойгоор бий болгосон асуудал юм байна. Биднээс тархиараа илүүдээ биш юм байна.

Бидэнд давуу тал бий. Бид байгальд ойрхон. Байгалийн хүчийг хүний хүчтэй хосолж чаддаг.

Бид дахиад хэлье. Хүн бүр зоригтойгоор хөгжилд анхаарцгаая. Хэн нэгнээс ямар нэг зүйл хүлээх биш. Өөрөө биеэ даагаад сур, хөгж. Оюун ухаанаа зүлгэ. Өдөрт нэг цаг дуртай зүйлээ хий.

Монголын боловсрол дампуурсан шүү. Учир нь коронагийн хоцрогдлыг огт нөхөөгүй. Шууд алгассан. Нөхөхийг ч оролдоогүй. Тиймээс Монголын боловсролд реформ хэрэгтэй. Ном сурсан нь дээд, сураагүй нь мэргэжлийн сургуульдаа суръя, боловсролыг үнэтэй болгоё. Гаднаас олон мянган багш авч авч ирж багшлуулмаар байна.

Эцсийн эцэст бид үнэнийг олж харах хэрэгтэй. Энэ үнэнийг олж харах ганц зам бол боловсрол. Боловсролоо босгоод бид шинжлэх ухаантайгаа танилцах болно. Ингээд ирэхээр шинэ шинэ нээлтүүдийг Монголчууд хийх болно. Тэр үед утаа, түгжрэл гар дохиод л шийдэгдэх болно. Энэ бол бидний оюун санааны өөрчлөлт, бидний хөгжил байх болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *