Лу.Гантөмөр: Нүүрсний хулгайн хариуцлагыг найман жил засагласан Засгийн газрын тэргүүнүүд үүрэх ёстой
УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний сонсголын өчигдрийн /2023.12.05/ хуралдаанд сонсгол даргалагч Б.Энхбаяр “Ардчилсан намын МҮДН фракцын гишүүд “Акмиконсалтинг” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Тавантолгой” ХК-аас хямдаар нүүрс авч, өндөр үнэтэй борлуулан ашиг олдог гэх баримтыг танилцуулсан.
“Акмиконсалтинг” ХХК-ийн үүсгэн байгуулагчид нь Ардчилсан намаас УИХ-д сонгогдон ажиллаж байсан гишүүд болоод хамаарал бүхий этгээдүүд нь байсан юм. Үүнд УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөрийн эхнэр А.Туул багтжээ.
Харин энэ мэдээллийг Ардчилсан намын дарга Л.Гантөмөр няцаалаа. Тэрбээр “Нүүрсний сонсгол болж байна. Нүүрсний хулгай Монголд нүүрлэж, Монголын эдийн засгийг асар ихээр хохироосон тухай бид бүгдээрээ мэднэ. 5.7 сая тонн нүүрсийг Монголын хил гаалиар бүртгүүлэлгүйгээр Хятадын хил дээр бүртгэлүүд аваад гарсан. Үүний хариуцлагыг найман жилийн хугацаанд засагласан Засгийн газрын тэргүүнүүд хүлээх учиртай. Харамсалтай нь, 15, 16 жилийн өмнөх, магадгүй 20 жилийн өмнөх нүүрсний асуудлууд гээд “Тавантолгой” ХК-тай холбоотойгоор Ардчилсан намыг 5.7 сая тонн нүүрснийхээ хулгайтай зэрэгцүүлэн харлуулдаг ажил руу орчихлоо. Манай эхнэр тэр компанийн ажилд оролцож үзээгүй. Би 15 жилийн өмнө МҮДН фракцаас гараад явсан” гэсэн юм.