Ачаа тээш, нефтийн бүтээгдэхүүнийг Сүхбаатар-Толгойт өртөө хооронд шуурхай тээвэрлэж байна

Сүүлийн үед улсын хэмжээнд зарим төрлийн нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдож, хөдөө орон нутагт дизелийн түлш тасарсан. Түүгээр зогсохгүй зарим уул уурхайн компаниудын ажил доголдох болсон нь улс орны хэмжээнд анхаарал татсан асуудал болоод байна.  Түүнийг төмөр замын тээвэртэй холбон тайлбарласан тохиолдол ч гарсан. Тэгвэл УБТЗ-ын зүгээс нефтийн тээврийг хэрхэн зохион байгуулж байгааг шат шатны ажил удирдагч нараас тодрууллаа.

Б.БОЛДБАЯР: Нефтийн тээвэрлэлтэд саатал гараагүй

УБТЗ нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Тээвэр зохион байгуулалтын албаны Захиран хуваарилах хэлтсийн орлогч дарга Б.Болдбаяраас тодрууллаа.

УБТЗ энэ оны эхний 11 сард ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн 28379 вагон буюу 1 759 498 тонныг хүлээн авсан. Үүнийг 2022 оны нийт хүлээн авсан вагон тоотой харьцуулахад 4554 вагон буюу 282348 тонноор илүү байна. 2021 онтой харьцуулбал 5145 вагон буюу 31990 тонноор илүү нефтийн бүтээгдэхүүн хүлээн авсан. 2021-2023 онуудын сарын дундаж харьцуулалтыг авч үзвэл энэ онд сард дунджаар 2580 вагон буюу 159960 тонныг хүлээн авсан. Үүнийг 2022 онтой харьцуулбал 595 вагон буюу 36890 тонноор, 2021 онтой харьцуулахад 644 вагон буюу 39928 тонноор тус тус өссөн үзүүлэлттэй байна. Мөн БНХАУ-аас нефтийн бүтээгдэхүүнийг импортоор хүлээж авч байна. Замын-Үүд боомтоор оны эхний 11 сарын байдлаар 1480 вагон нефтийн бүтээгдэхүүнийг нарийн царигаар хүлээж авч, өргөн царигт шилжүүлэн ачиж тээвэрлэсэн. Тээвэрлэлтийн хувьд ямар нэгэн саатал гараагүй. Нефтийн ачаа хүлээж авдаг гол цэг маань Толгойт өртөө. Тус өртөөнд Ашигт малтмал газрын тосны газар болон нефть импортлогч компаниудыг оролцуулан 11 дүгээр сард тээврийг хэрхэн шуурхай зохион байгуулах талаар зөвлөгөөн зохион байгуулсан. Уг зөвлөгөөнд Гаалийн байгууллагынхан ч оролцсон. Наушки өртөөнөөс Сүхбаатар өртөөнд орж ирсэн нефтийн ачаатай галт тэргэнд хил, гаалийн хяналт шалгалт болон ачаа комерийн бүрэн бүтэн байдал, техникийн үзлэгийг 5-6 цагт багтаан бүрэн хийгээд явуулж байгаа. Сүхбаатар өртөөнөөс Толгойт өртөө хүртэл нийтдээ 18 цагийн дотор тээвэрлэж байна. ОХУ-аас импортоор орж ирсэн нефтийн бүтээгдэхүүнийг хилээр хүлээн авснаас хойш 30-35 цагт хүрэх өртөөнд хүргэдэг байсан бол одоо 18-20 цагт багтаан хүрэх өртөөнд хүргэж байна. Ашигт малтмал, газрын тосны газар, нефть импортлогч компаниуд нефтийн бүтээгдэхүүнийг импортоор хүлээж авч байгаа эхний өртөөнөөс буух өртөө хүртэл байнгын хяналт тавьж байгаа.

-Хоногт дунджаар хэчнээн вагон нефтийн бүтээгдэхүүн хилээр орж ирж байна вэ?

-Энэ оны арваннэгдүгээр сард нефтийн бүтээгдэхүүн хоногт дунджаар 87 вагон буюу 5394 тонн, галт тэргээр авч үзвэл 1.7 галт тэрэг хүлээж авсан. 2022 оны мөн үед хоногт дунджаар 73 вагон буюу 4526 тонн нефтийн бүтээгдэхүүн хүлээж авч байж. Энэ нь хоногт дунджаар 1.5 галт тэрэг гэсэн үг.

-Цаашид нефтийн тээврийг тасалдалгүй шуурхай гүйцэтгэхийн тул хойд хөршийн төмөр замынхантай хэрхэн хамтарч ажиллах вэ?

-УБТЗ ХНН-ийн зүгээс РЖД-д Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн тухай захидлыг өнгөрсөн сарын 11, 25-нд хоёр удаа илгээсэн байгаа. Манай зүгээс шалтгаалах бүх нөөц боломжоо ашиглан ажиллаж байна.

Г.ЭРДЭНЭЦЭЦЭГ: БИД ЗЭРЭГЦЭЭ АЖИЛЛАГААНД ШИЛЖСЭН

/Сүхбаатар өртөөний ачаа тээвэр хариуцсан орлогч дарга/

-2023 оны арваннэгдүгээр сард бид хойд хөршөөс нийт 2659 вагон нефтийн бүтээгдэхүүн хүлээн авсан. Үүнээс АИ92 бензин 928, АИ95 бензин 44 вагон, дизелийн түлш 1441 вагон, үлдсэн нь бусад нефтийн бүтээгдэхүүн байна. Арванхоёрдугаар сарын эхний гурван өдөрт нийт 267 вагон буюу 16462 тонн нефтийн бүтээгдэхүүн орж ирсний 81 вагон буюу 4811 тонн нь АИ92 бензин, харин АИ95 бензин гурван вагон буюу 175 тонн, дизелийн түлш 157 вагон буюу 9851 тонн орж ирсэн байна.

-Хойд хөршөөс орж ирсэн нефтийн ачаатай галт тэргийг шуурхай явуулахын тулд ямар зохион байгуулалтаар ажиллаж байна вэ?

-Хойноос орж ирсэн галт тэргэнд гаалийн урьдчилсан бүрдүүлэлт бичээд нефтийн ачаатай галт тэргийг урагшаа явах хуваарьт заагдсаны дагуу хамгийн эхэнд явуулж байгаа. Урд нь бид галт тэрэгний найруулга харгалзаад хүрэх өртөөгөөр нь бүлэглээд явуулдаг байсан бол одоо хамгийн түрүүнд явуулдаг. Нефтийн ачаатай галт тэргийг орж ирснээс нь хойш 5-6 цагийн дотор явуулж байна. Өмнө нь бол 7-8 цаг орчим болгоод явуулж байсан. -Хил, гаалийн шалгалтыг шуурхайлах талаар тэдгээр байгууллагуудтай хэрхэн ажиллаж байна вэ? -Хил, гаалийн байгууллага бол өөрсдийн горимоороо л ажиллаж байгаа. Түүнээс хилээр орж ирж байгаа ачаанд гаалийн урьдчилсан бүрдүүлэлт бичүүлэхгүй шуурхай явуулна гэсэн асуудал байхгүй. Хийх ёстой ажиллагаануудыг журам дүрмийнхээ дагуу хийдэг. Харин төмөр замаас шалтгаалах зүйл нь хилээр орж ирснээс хойш эхний галт тэргээ шуурхай явуулж байна.

-Тээврийн бичиг баримтын бүрдүүлэлтийг шуурхай хийх боломж хэр байдаг вэ?

-Технологит хугацаагаа мөрдөж ажиллана. Нефтийн ачаатай галт тэргийг шуурхай явуулах үүднээс зэрэгцээ ажиллагаанд шилжсэн. Урд нь бүх бичиг баримтаа үзээд, ТҮГ салгалтаа хийсний дараа вагонуудаа гааль руу оруулдаг байсан бол галт тэргэнд үзлэг хийгээд дуусмагц бичиг баримтаа гааль руу шууд оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, галт тэрэгний нэг ажиллагаа дуусаагүй байхад дараагийн ажиллагааг зэрэгцүүлээд хийж байна гэсэн үг.

-Наушки өртөөнөөс ирж байгаа нефтийн ачаатай галт тэрэгний мэдээллийг урьдчилж аваад бичиг баримтын боловсруулалтыг урьдчилж хийх боломж байдаг уу?

-Наушки өртөөтэй бол мэдээллээ байнга солилцож ажилладаг. Гэхдээ урьдчилаад бэлтгэх нөхцөл байхгүй. Яагаад гэвэл, тээврийн бичиг баримтаас харж байж гаалийн бүрдүүлэлтийг хийдэг. Хилээр орж ирж байгаа бүх ачааг бүртгээд дараа нь гаалийн урьдчилсан бүрдүүлэлтийг бичдэг. Үүнийг тээврийн бичиг баримтаасаа харж шивдэг. Ачаа хүлээн авагч гаальд урьдчилаад мэдүүлэхдээ буруу, зөрүү мэдээлэх тохиолдол их байдаг учраас тээврийн бичиг баримт орж ирмэгц нь бичиг баримтын бүрдүүлэлтийг хурдан шуурхай зохион байгуулахад анхаарч байна.

Д.САЙХАНЧИМЭГ: ГЭМТЭЛТЭЙ ВАГОНЫГ БУЦААЛГҮЙ, ЗАСВАР ХИЙГЭЭД ЯВУУЛЖ БАЙНА

/Сүхбаатар ТҮГ-ын дарга/

-Нефтийн галт тэргийг шуурхай явуулах чиглэлээр танай ТҮГ-т ажлын ямар зохион байгуулалт хийж байна вэ? -Хоногт нефтийн ачаатай 1-2 галт тэрэг орж ирдэг. Бид Замын даргын болон албаны даргын тушаалын дагуу нефтийн ачаатай галт тэргийг хүлээж аваад гэмтэлтэй вагоныг буцаалгүйгээр өөрсдөө засвар үйлчилгээг нь шуурхай хийгээд явуулж байгаа. Ямар нэгэн саадгүйгээр явуулах бүх боломжийг ашиглан ажиллаж байна.

-Нэг галт тэргэнд үзлэг, засвар үйлчилгээ хийхэд хэдий хэр хугацаа зарцуулдаг вэ?

-80 минутад үзлэг, 40 минутад засвар хийгээд 120 минутад багтаан явуулах технологитой. Хэрэв хүнд гэмтэлтэй вагон байвал үзлэг, засвар үйлчилгээний хугацааг сунгаж, 175 минутад багтаан хийгээд явуулж байгаа.

-Нефтийн ачаатай галт тэргэнд гэмтэлтэй вагонууд хэр ирдэг вэ?

-Цистерн вагонуудын техникийн байдал бусад төрлийн вагонуудаас харьцангуй гайгүй. Нийт орж ирж байгаа вагонуудыг 100 хувь гэвэл гэмтэлтэй вагоны эзлэх хувь 10 орчим л байдаг. Тиймээс хүндрэл гарах нь харьцангуй бага.

Р.ЭНХМАНДАХ: НЕФТЬ ИМПОРТЛОГЧИД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААНД ШИЛЖИХ ШААРДЛАГАТАЙ

/Толгойт өртөөний ачаа тээвэр хариуцсан орлогч дарга/

-Танай өртөөнд нефтийн ачаатай галт тэрэг орж ирснээс хойш хэдий хугацаанд салбар замуудад ачаа вагонуудыг тавьж өгч байна вэ?

-Технологит хугацаа гэж бий. Галт тэрэг орж ирээд хоёр цаг үзлэг хийдэг. Сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад бид богино хугацаанд вагонуудыг салбар замд тавьж өгч байгаа. Энгийн үед бол 5-6 цагийн дотор ачаатай вагоныг салбар замд тавьж өгдөг. Бид аль болохоор шуурхай тавьж өгөхийг зорьж байна. Салбар замуудад ихэвчлэн шөнийн цагаар таталт тавилтыг гүйцэтгэдэг. Хоосон вагоныг татаад, ачаатай вагоныг тавьж өгдөг гэсэн үг. Гэтэл харилцагч байгууллагуудын ажил өглөө 09.00 цагаас нааш цуглардаггүй. Ажил цуглараад ачаа хүлээн авагчид бүх цистерн вагондоо үзлэг хийж байж ачаагаа буулгадаг. Тэр хэмжилт хийдэг эрхтэй байгууллага нь Улаанбаатарт ганцхан байдаг. Хэмжилтийн ажилтан нь нефтийн ачаа тавьсан 17 салбар замаар явж хэмжилт хийдэг. Хамгийн сүүлийн замд бараг 16.00 цагийн үед хэмжилт хийдэг. Түүний дараа ачаагаа буулгадаг гэсэн үг. 16.00 цагт буулгалтаа хийж эхэлсэн бол тухайн салбар замын техник технологийн хүчин чадлаасаа шалтгаалаад вагон буулгалт нь 6-9 цаг үргэлжилдэг. Манай зүгээс бол аль болохоор таталт, тавилтыг шуурхай хийхийг зорьдог.

-Та бүхэнд хүндрэлтэй асуудал бий юу?

-Толгойт өртөөний 65 салбар замд сэлгээний гуравхан илчит тэрэг ажиллаж байна. Энэ гурван тэрэг зөвхөн салбар замд ажилладаггүй. Орж ирсэн галт тэргээ найруулна, явуулна. Тэгш, сондгой гээд хоногт 7-8 галт тэрэг явуулдаг. Үнэхээр ачаалал ихтэй. Нефтийн бүтээгдэхүүнийг ангилаад ажилладаг. Өглөө болгон бид Зам, тээврийн хөгжлийн сайд болон Замын удирдлагуудад тавьсан, татсан вагоны мэдээллээ явуулж байна. Арваннэгдүгээр сард манайд 1258 вагон нефть буусан. Энэ нь хоногт дунджаар 42 вагон бууж байсан гэсэн үг. Толгойт өртөөний нефтийн 17 салбар замаар 35 байгууллага үйлчлүүлж байна.

-Импортлогч байгууллагууд хэмжилтийг шуурхай хийдэг болчихвол таталт тавилтын хугацааг богиносгох боломж байгаа юм байна гэж ойлголоо?

 -Бүх импортлогч нар ганцхан байгууллагаар хэмжилт хийлгэдэг нь бидний ажилд хүндрэлтэй байна. -Нефтийн тээврийн сүүлийн цэг нь Толгойт өртөө. Харилцагч хоёр талаас шийдмээр ямар асуудлууд байдаг вэ? -Манай зүгээс тэдэнд 24 цаг тасралтгүй, дээр нь амралтын өдрүүдэд ажиллаач гэдэг хүсэлтийг тавьж байгаа. Амралтын өдрүүдэд ажиллахгүй болохоор хуримтлал үүсдэг. Тэгээд Даваа, Мягмар гарагт бүгд манай вагоныг тавь гэцгээдэг. Гэтэл сэлгээний гуравхан тэрэг маань ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрдэг. Импортлогч компаниуд шөнийн цагаар ачилт буулгалтаа хийдэг бол өртөөний ачаалал буурна. Хуримтлал үүсгэхгүйгээр ажиллавал вагоны таталт тавилтыг шуурхай гүйцэтгэх боломжтой. Дээрх зөвлөгөөнд нефть импортлогч 29 компани оролцсон. Тэдний зүгээс манайд сэлгээг цаг тухайд нь хийж өгөөч гэдэг л хүсэлт ирдэг. Мөн нефтийн бүтээгдэхүүн дотроо маш олон төрөл. АИ92, АИ95, дизелийн түлш. Мөн өвлийн болон зуны, энгийн, евро гэх мэт. Үйлчлүүлэгчид биднээр ангилан ялгуулж тавилт хийлгэхийг хүсдэг. Гэтэл бидэнд тийм боломж байхгүй. Тээврийн бичиг баримт дээр тийм зүйлийг нарийн тусгаагүй байдаг учраас манайд нарийн ялгалт хийх боломжгүй.

Similar Posts

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *