“ЭМЯ хатуу хөл хориог үргэлжлүүлэх бодлого барьж байна”
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус газрын дарга Л.Энхсайхан халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Халдварын тохиолдлын тоо өндөр хэвээр байна. Манай улс нэг хүнд ногдох тохиолдлын тоогоор нэлээд дээгүүрт орж байгаа. Энэ үед эмийн бус аргуудыг хэрэглэх тухайлбал, хөл хорио тогтоох, гараа угаах, аль болох олуулаа цугларахгүй байх арга хэмжээг авдаг. Хөл хорионы гол утга учир нь хүмүүс уулзахгүй байх юм.
Халдварын тоо өндөр хэвээр байгаа энэ үед эрүүл мэндийн ажилтнууд ачааны хүндийг үүрч байгаа. Гэтэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр ХӨСҮТ рүү дайралтууд их ирж байна. Энэ нь эрүүл мэндийн ажилтнуудын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө. Тиймээс олон нийтийн сүлжээн дэх буруу ташаа мэдээлэл, гүтгэлэгт автахгүй эрүүл мэндийн ажилтнууддаа урам өгч байхыг уриалж байна.
ЭМЯ хатуу хөл хориог үргэлжлүүлэх бодлого барьж байна. Яагаад гэвэл халдварын тохиолдлын тоо буурахгүй байна. Тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт нэмэгдэж байна. Иргэдийн зүгээс ЭМЯ-ны фэйсбүүк хаяг рүү “Хатуу хөл хорионы чанарыг сайжруулах, хүмүүс гадуур их явж байна. Энэ нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж байна” зэрэг саналыг өгсөөр байна. Бид иргэдийн саналыг анхаарч үзэх ёстой” гэлээ.