ТОДРУУЛГА: ЭХЭМҮТ-ийн 32 эмч, ажилтан КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВЧЭЭ

ЭХЭМҮТ-ийг халдварын голомт болсон, халдвар алдсанаа нуусан гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл энэ талаар тус төвийн Ерөнхий захирал Ш.Энхтөрөөс тодрууллаа.

-ЭХЭМҮТ-ийг халдвар алдсанаа нууж байна гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар та тайлбар өгөхгүй юу?

-Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотын бүх газраар коронавирусийн халдвар тархаад байна. 2021 он гарснаар  анх “Арьс ширний үйлдвэр”-ээс халдвар илрэхэд тус үйлдвэрт ажилладаг манай ажилтны нөхөр халдвар авч улмаар манай ажилтан халдвар авсан. Ингээд халдварын нууц үедээ ажил дээрээ ирснийг илрүүлж, ойрын хавьтлын 28 хүнийг тусгаарлаж, арга хэмжээ авч байсан. Манай төв нийт 1144 эмч, ажилтантай үүнээс 32 нь халдвар аваад байгаагаас 17 нь эмнэлгийн гаднаас авсан байна.  Тухай бүрт нь ариутгал, халдваргүйжүүлэлт хийж ажилласан. Бид халдварын тохиолдлоо нуух шаардлага байхгүй.

-Танай төвийн хувьд халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн сахиж байгаа вэ?

-Бид 2 тандалтын арга ашиглаж байгаа. Нэгдүгээрт, эмнэлзүйн асуумж боловсруулж, бүх ажилтнаас өдөрт 2 удаа асуумж авдаг. Өглөө ажилд ирэхэд болон ажил тарахын өмнө биеийн байдал ямар байсан талаар асуудаг. Хоёрдугаарт, коронавирусийн халдварын шинжилгээг тогтмол авч байгаа. 2021 он гарснаар ЭХЭМҮТ-ийн ажилтнуудаас нийт 7531 удаагийн түргэвчилсэн оношлуурын шинжилгээ, 7266 удаагийн PCR шинжилгээ аваад байна.

-ЭХЭМҮТ-д коронавирусийн халдвар авсан эх, хүүхдийг эмчилж байгаа. Одоогийн байдлаар халдвар авсан хэдэн өвчтөн эмчлүүлж байгаа вэ?

-Эрүүл мэндийн яамны захирамжаар манай төв ХӨСҮТ-ийн ачааллыг хуваалцаж халдвар авсан эх, хүүхдийг эмчлэх болсон. Яг одоогийн байдлаар халдвартай 4 хүүхэд, 10 жирэмсэн эмэгтэйг эмчилж байна. Үндсэн тусламж, үйлчилгээнээс гадна халдвартай өвчтөнүүдийг эмчилж байгаа учраас хүний нөөц хомс байна. Иргэд болон эмч нар эмнэлгийн ажилчдыг хувийн унаагаар зорчуулах хүсэлт гаргаж байгаа. Учир нь эмнэлгийн ажилтнууд нийтийн тээврээр зорчих үед хүмүүсийн бөөгнөрөл үүсэж, халдвар авах эрсдэл өндөр байна. Халдвар аваад эмнэлэг доторх ажилчид болон өвчтөнүүдэд тараах эрсдэлтэй учир үүнийг Засгийн газраас анхааралдаа авахыг мөн хүсэж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *