С.Одонтуяа: Чихэрлэг ундаанд татвар ногдуулснаар хүүхдийн таргалалтаас сэргийлж чадна
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.12.12/ хуралдаан 16 цаг 10 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул хуралдаан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүнээс өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн нэртэй болов ч энэ нь эрүүл мэндийн тухай хууль гэдгийг тодотгоод уг хуулийн төсөл Монгол Улсын ирээдүйн эрүүл мэндийн салбарт үүсэх томоохон эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн гэв.
Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсад үүсээд байгаа зүрх, судасны өвчлөл, таргалалт, эрүүл бус хүнс, ундаа нь хүүхдийн илүүдэл жин, шүдний өвчнийг даамжруулж нийгмийн тулгамдсан асуудлын нэг болсон. Олон улс энэхүү тулгамдсан асуудлаа чихэрлэг ундаанд албан татвар ногдуулах замаар шийдэж байна.Хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар ялангуяа 7-11 насныхны дунд долоон жилийн дотор таргалалт 7 дахин буюу 28 хувиар өссөн нь хамгийн аюултай үзүүлэлт. ДЭМБ-аас 2016 онд энэ төрлийн татварын бодлогыг хэрэгжүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалсан төдийгүй эл арга хэмжээг эс авбал цаашдаа үүнээс үүдэх эрүүл мэндийн өсөн нэмэгдэх зардлыг шийдвэрлэхэд илүү бэрхшээлтэй болно” гэв.