Шүлснээс сорьц авах 10.000 оношлуурыг ЭМЯ-нд хүлээлгэн өгнө
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн, шүлснээс COVID-19 халдварыг илрүүлэх шинэ оношлуурыг үйлдвэрлэх зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнаас олгосон.
Тэгвэл “Эрүүл мэндийн яамны захиалгын дагуу ирэх Лхагва гарагт 10.000 оношлуурыг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа”-г АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал Г.Батбаатар хэллээ. Иймд шүлснээс сорьц авах PCR шинжилгээний оношлуур хэрэглээнд нэвтэрч эхлэхээр боллоо.
Шүлсний сорьц цуглуулах сав нь 5 мл-ийн багтаамжтай бөгөөд нэг удаагийн шинжилгээнд 0,5 мл шүлс л хангалттай. Уг саванд удаан хугацаанд буюу нэг сараас дээш хугацаанд сорьцыг тээвэрлэх, хадгалах боломжтой. Шүлснээс авсан сорьцыг 90 минутын дотор шинжлэх буюу шинжилгээний хариу 2-3 цагийн дотор гарах боломжтой юм.