Өнөөдөр төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг дурсах өдөр
Өнөөдөр бол төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өдөр. Тэрээр амьд сэрүүн байсан бол өнөөдөр 59 нас хүрэх байлаа. Түүнийг монголчууд төрсөн өдрөөр нь болон аравдугаар сарын 02-ны хар өдрөөр нь эргэн дурсаад 20 гаруй жил болж байна. Энэ өдрүүд нэг л ижил дүр төрхтэйгөөр 22 дахь удаагаа давтагдлаа.
Өнгөрсөн хугацаанд Монголын ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд гэр бүл, ах, дүүс нь, УИХ, Засгийн газрын гишүүд, намынх нь журмын нөхөд, ардчилсан хувьсгалын төлөө, нийгмийн тогтолцоог шинэчлэхийн төлөө мөр зэрэгцэн тэмцэж явсан нөхөд нь, түүнийг хүндэтгэн хайрладаг эгэл жирийн ард түмэн нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлал нэгэнт тогтжээ. Харин түүний амь насаа алдсан хэргийн бүрэн гүйцэд илрүүлж, мухарласан зүйл одоогоор алга. Харин ч энэхүү хэргийг өнгөрсөн хугацаанд улс төрийн зорилгоор ашигласаар ирсэн нь нууц биш. Өнөөг хүртэл энэ хэрэг олны анхаарлын төвд байсаар байна.
Тухайлбал, Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний хуралдаанаараа С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал, холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан С.Зориг агсны ар гэрийнхэн өчигдөр уг шийдвэрийг зөв зүйтэй алхам гэж үзэж буйгаа илэрхийлсэн мэдэгдэл гаргасан билэн.