ТАНИЛЦ: Солонгос, Польш, Шведэд манай улсыг төлөөлөх Элчин сайдууд
УИХ-ын намрын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Цахим гарын үсэг, төрийн үйлчилгээтэй холбоотой нийт 115 хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар баталлаа. Үүний дараа Элчин сайд нарыг шинээр томилох асуудлыг хэлэлцэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн тав дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Элчин сайд нарыг томилох юм. Үүнд:
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Доржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг;
- Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг;
- Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Воршиловын Энхболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаяр нарыг томилохоор холбогдох байнгын хороогоор хэлэлцсэн байна.