Галд өртсөн байрны оршин суугчдыг түрээсийн орон сууцаар үнэгүй хангана
Өнгөрсөн шөнө БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаж, дэлбэрсний улмаас гал түймэр гарсан тухай мэдээлсэн.
Гал түймэрт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Глобал” сургуулийн хажуугийн 60 айлын орон сууц өртсөн байна. Үүний улмаас 11 иргэн ГССҮТ-д хүргэгдэж, 20 гаруй машин шатсан осол гарсан. Энэ асуудлаар УОК хуралдаж, гаргасан шийдвэрүүдийг С.Амарсайхан танилцууллаа.
- 60 айлын орон сууц галд өртсөн. Тэр орчмын иргэдийн 29 машин шатсан. Иргэд өвлийн хүйтэнд одоогоор орон байрандаа орох боломжгүй байгаа. Хуулийн байгууллага орон сууцыг хамгаалалтад авч, шалгалтын ажиллагаа явуулж байна. Буруутай этгээдүүдийг олоод хариуцлага оногдуулахад багагүй хугацаа орохоор байна. Иймд 60 айлын орон сууцыг нэн яаралтай засаж хэвийн горимд оруулахаар Хотын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Энэ хооронд айл өрхүүдийг шаардлага хангасан орон сууцанд түрээсийн төлбөрийг Засгийн газар, нийслэлээс өгөхөөр шийдвэрлэлээ.
- Бусад шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
- Барилга орон сууц цаашид ашиглах боломжтой гэвэл засвар үйлчилгээг хийх юм. Тэднийг сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээ авахад шаардлагатай ажлуудыг зохион байгуулна гэв.