“Гачууртын гүүрний засварын ажлыг тавдугаар сарын 1-нд дуусгана”
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд зам засвар, арчлалт, үйлчилгээний ажлуудыг хийж байна.
Тухайлбал, дөрөвдүгээр сарын 12-19-ний хооронд Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замаас Төв шуудангийн уулзвар хүртэлх хоёр талдаа, Чингисийн өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр, Сүхбаатар, Их сургууль, Их тойруугийн гудамж зэрэг найман гудамжны авто замд үүссэн нийт 85,563 метр урт ан цав, заадсыг битумаар засварлалаа.
Мөн таван бригад нийслэлийн зургаан дүүрэгт авто замын хайс, хашлага засварлах, будах, замын тэмдэг угааж, цэвэрлэх, засварлах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна. Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт нийт 1,077 метр урт хайс, хашлагыг тэгшилж засан, 78 метр уртыг нөхөн байршуулсан бол 160 метр урт хайс, хашлагыг угааж, цэвэрлэн, буджээ.
Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их сургууль, Сүхбаатарын гудамжинд нийт 1,633 тэмдэг угаасан бол 302 тэмдгийг Хан-Уул дүүрэгт шинээр суурилууллаа.
Гачууртын 30 метр урт болон 18 метр урт гүүрний засварын ажлыг тавдугаар сарын 1-нд дуусгах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.