|

Халтиргаа, гулгаанаас өдөрт 100 гаруй хүн бэртэж байна

Улирал тутамд асуудалтай нүүр тулгардаг улаанбаатарчууд 12-2 дугаар сар агаарын бохирдол, халтиргаа гулгаанаас шалтгаалсан бэртэл гэмтэл болоод өвчлөл бусад саруудаас хэд дахин нэмэгддэг. Энэ жил өнгөрсөн онуудтай харьцуулахад нийслэлийн зам талбайн халтиргаа их байгааг ч иргэд шүүмжилж буй. Учир нь албаныхан ажлаа сайн хийж, давс бодисоо хангалттай цацаж байгаа гэх хэдий ч өдөрт 100 гаруй хүн халтирч унаснаас хүнд, хөнгөн бэртэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс яаралтай тусламж авч байгаа юм.  ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасгаар өдөрт хэчнээн хүн үйлчилгээ авч байгаа талаар болон Нийслэлээс давс бодисыг дүүргүүдэд өдөр бүр цацаж байгаа эсэхийг тодрууллаа.

ГССҮТ-өөс өгч байгаа мэдээллээр, халтирч унаснаас болж өдөрт 100 гаруй хүн гэмтлийн яаралтай тусламж авч байна. Халтирч унах бэртэл гэмтлийн дийлэнх хувь нь гавал тархи, гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг, хүзүү нуруу, аарцаг ясны гэмтэл.

Гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилж байна.

Хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж байна. ГССҮТ болон салбар эмнэлгээр хоногт 700 гаруй хүн амбулаторийн болон яаралтай тусламж, мэс засал, хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ авдаг. Тодруулбал, нэгдүгээр сарын 31-ний байдлаар хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар 400 хүн үйлчлүүлж, 359 хүн амбулаторийн үзлэгт орсон. Нийт 69 мэс засал хийгдэж, 434 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт нийт 23 хүн эмчлүүлж байна гэв.

Улирлаас хамаарч яаралтай тусламжид халтиргаа гулгаанаас шалтгаалж унаж бэртсэн иргэд олноор тусламж үйлчилгээ авч байгааг онцоллоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *