“БАДРАХ ЭНЕРЖИ” ХХК: Олон нийтийг айдаст автуулахыг оролдсонд харамсаж байна
Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхээс “Бадрах Энержи” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах тухай “Эвийн хүч эх нутгийн төлөө” ТББ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Үүний дараа нэр бүхий иргэд олон нийтэд баримт нотолгоогүй, үндэслэлгүй мэдээлэл цацсан асуудалд “Бадрах Энержи” ХХК-аас мэдэгдэл гаргаж, няцаалт хийжээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улаанбаатар хот, 2024 оны 2 дугаар сарын 19-ны өдөр
2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхээс “Бадрах Энержи” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах тухай Эвийн хүч эх нутгийн төлөө ТББ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тухайн өдөр шүүх хурлын дараа сэтгүүлч Б.Отгон, тус ТББ-ын тэргүүн Б.Хөхөө, гүйцэтгэх захирал О.Цэнгэлсайхан нар “Баасанжавын Отгон” фэйсбүк хуудсаар дамжуулан лайв хийж, шүүхийн шийдвэрийн талаар үзэл бодол, байр сууриа илэрхийлжээ.
Дээрх хүмүүсийн тус лайваар илэрхийлж олон нийтэд түгээсэн үзэл бодол нь шалган нягталсан баримт нотолгоонд тулгуурлаагүй, бодит байдлыг мушгин гуйвуулсан, бусад оролцогч талуудын байр суурь, судалгаа, мэдээллийг үл хайхарсан, зөвхөн энэ лайв цацалтанд оролцогчдын сэтгэгдэл, төсөөлөлд үндэслэн ураны эрэл хайгуул, олборлолтын талаар олон нийтийг айдаст автуулахыг оролдсон агуулгатай болсонд Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом” ХХК, Франц улсын төрийн өмчит “Орано” группийн хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн зүгээс харамсаж байна.
Дээрх төрийн бус байгууллагаас фэйсбүк хуудсаар дамжуулсан лайваар хийсэн мэдэгдэл нь манай хамтарсан компанийг үндэслэлгүйгээр буруутгаснаас гадна хамтарсан компанийн нэр хүндэд халдсан, Монгол Улсад уул уурхайн шинэлэг, ирээдүйтэй салбар хөгжихөд саад болохын зэрэгцээ эгэл жирийн малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг үнэгүйдүүлсэн үйлдэл боллоо гэж бид үзэж байна.
Үг хэлэх эрх чөлөөтэй, нээлттэй нийгмийн нэгэн хариуцлагатай оролцогчийн хувьд “Бадрах Энержи” компани нь энэхүү мэдэгдэлд хариу өгч, үнэн бодит, шалган нягталсан мэдээллийг олон нийтэд хүргэх эрхээ эдэлж энэхүү мэдэгдлийг хийж байна.
“Бадрах Энержи” ХХК-ийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудаас жил бүр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол хийж ирсэн. Түүнчлэн, үе үеийн Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгүүд бүхий л чиглэлээр хяналт шалгалт хийн тухай бүр дүгнэлтүүд гаргасан байдаг.
Дүгнэлтүүдээс товч дурдахад:
- 2023 онд хийсэн Малын эрүүл мэндийн судалгаа (Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилтын ажил дууссаны дараа хийгдсэн) нь Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл, Айраг сумдын 57 малчин өрхийг хамарсан бөгөөд судалгаанд “дээрх гурван сумын мал сүрэгт илэрч буй өвчний шинж тэмдэг, шалтгаан адил төстэй байгаа нь ажиглагдаж байна” гэж дурдсан. Улаанбадрах сумын мал сүрэгт ямар нэгэн бие даасан, онцгой өвчин эмгэг илэрч ажиглагдаагүй болохыг тус судалгаанд мөн онцлон дурджээ.
- 2023 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны захиалгаар Монгол улсын Шинжлэх ухааны академийн ажлын хэсгээс “Бадрах Энержи” компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайд хийж гүйцэтгэсэн судалгааны (Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилтын ажил дууссаны дараа хийгдсэн) дүгнэлтэд: “үйлдвэрлэлийн туршилтаас малчдын худаг усанд өөрчлөлт ороогүй байна”. “Хоёр жилийн өмнө хийгдсэн судалгааны цэгүүд дээр хийсэн ажиглалтаар цаг уурын өөрчлөлт, мал сүргээс шалтгаалсан өөрчлөлтөөс бусад ямар нэгэн нөлөөлөл байхгүй болох нь харагдсан”.
- 2021 онд Галба-Өөш Долоодын сав газрын захиргааны захиалгаар хийж гүйцэтгэсэн усны аудитын тайланд: “Шинжилгээний дүн мэдээг харьцуулан үзэхэд Зөөвч-Овоо туршилтын үйлдвэр ашиглалтанд орсноор газрын доорх усны нөөц, чанарт гарсан ноцтой өөрчлөлт одоогоор байхгүй байна”.
- 2021 онд Шинжлэх ухааны академийн ажлын хэсгийн дүгнэлтэд: “Тухайн газар нутаг нь хортой болон био идэвхт хүнд металлын бохирдолгүй. Хөрсөн дэх байгалийн цацраг идэвхт элемент болох уран, торийн агуулга дэлхийн дунджаас хоёр дахи бага байв…”.
- 2020 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн тайланд: “Дорноговь аймаг халдварт, халдваргүй өвчний гаралт, малын зүй бус хорогдлоор 2012 оноос хойш хугацаанд улсын дунджаас ихгүй байна”.
- 2013 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд: “Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян, Улаанбадрах сумын Аргалант багийн зорилтот бүлгийн иргэдэд хийсэн үзлэг шинжилгээгээр хүний эрүүл мэндэд ионжуулагч цацраг болон хүнд металлын нөлөөллөөс үүдэлтэй өвчлөл, эмгэг өөрчлөлтүүд илрээгүй”.
Дээр дурдсан дүгнэлтүүд нь төрийн хяналт шалгалтын албан хаагчдаас гадна шинжлэх ухааны харьяа байгууллагын эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор гарсаныг дурьдах нь зүйтэй. Хяналт шалгалтуудаар тус компанийн үйл ажиллагааны улмаас байгаль орчин болон хүн, малын эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө учраагүй гэсэн нэгэн ижил дүгнэлтэд хүрч байсан билээ.
“Бадрах Энержи” ХХК нь үйл ажиллагаандаа олон улсын шилдэг туршлага, стандартыг баримтлан ажилладаг бөгөөд байгаль орчин, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлын онцсайн үзүүлэлтүүдээрээ бахархдаг. Тус компани үйл ажиллагаагаа бүрэн нээлттэй, ил тод зарчимд нийцүүлэн явуулж, Монгол Улсын төрийн байгууллага, орон нутаг болон иргэний нийгмийн төлөөлөлтэй идэвхитэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэхэд таатай байна. “Бадрах Энержи” ХХК нь “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-т нэгдэн орсон эхний цөөн уул уурхайн компаниудын нэг бөгөөд 2022 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Үндэсний Уул уурхайн ассоциацитай тус кодексийг байгуулан ажиллаж байна.
Цаашдаа төрийн бус байгууллагуудаас “Бадрах Энержи” ХХК-тай холбоотой аливаа мэдээллийг түгээхдээ албан ёсны хяналт шалгалт, шинжилгээгээр тогтоогдсон, үнэн зөв мэдээлэлд үндэслэн, сайтар нягталсны үндсэн дээр олон нийтэд түгээж байхыг хүсье.
“Бадрах Энержи” ХХК Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян гүний гудамж-9, ICC цамхаг, 5-р давхар
| Утас: +976- 70110475 (103) byambadolgor.luvsanjamts@orano.group http://www.badrakhenergy.com/MNG/ https://www.facebook.com/badrakhenergy/
|