Яармаг дахь Хотын захиргааны барилгын A блокт “Монгол, Солонгосын хамтарсан гарааны бизнесийг дэмжих төв” байгуулахаар болжээ
Хотын захиргаа буюу НЗДТГ-ын байр, “Хангарьд” ордныг нүүлгэх шийдлийг анх Хотын дарга асан Э.Бат-Үүл гаргаж, Баянхошуунд газрыг шийдэж байв. Эл шийдвэр ажил хэрэг болоогүй байхад засаг төр солигдож Хотын даргаар С.Батболд ажиллах болсноор Яармагт барилгын ажлыг эхлүүлж байв. Гэвч гурван жил зарцуулж, нийслэлийн төсвөөс 97 тэрбум төгрөгийн санхүүжилтээр боссон уг барилгад хотын дарга Д.Сумъяабазар нүүж орохгүй гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл тус байгууламжийн А блокт “Монгол, Солонгосын хамтарсан гарааны бизнесийг дэмжих төв” байгуулахаар болжээ.
Энэ талаар “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл” ТББ-аас “Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын A блокийн 1,000 мкв бүхий талбайд өндөр технологи, инновацын үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн “Монгол, Солонгосын хамтарсан гарааны бизнесийг дэмжих төв” байгуулахаар болоод байгаа билээ. Төслийг БНСУ-ын талаас “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, Монгол Улсын талаас Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон төслийг санаачлагч “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл” ТББ нар хамтран хэрэгжүүлж байна.
Уг төслийн үр дүнд бизнес хэрхэн эрхлэх мэдлэгийг Монголд нутагшуулан ажиллах хүрээнд энтрепренер боловсрол, хурдасгуур, инновацын хүний нөөцийг чадавхжуулах, гарааны компанийг Монгол, Солонгосын мэргэшсэн экспертийн баг хамтран хөгжүүлэх, хоёр улсын бизнесийн орчиныг сайжруулах, бизнес эрхлэгчдийг холбож ажиллах хүрээнд мэдлэг, мэдээлэл, сайн туршлагыг солилцох, инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, эргэх хөрөнгийг нэмэгдүүлэх, гарааны бизнес хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлуудыг тус тус хэрэгжүүлэх юм” гэж мэдээлсэн байна.
“Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл” ТББ-ын тэргүүн нь Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуун юм.