Үндэсний Дээд Лигийн шилдэг хоёр баг Азийн клубүүдийн Аваргын урьдчилсан шатанд өрсөлдөнө
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Тив бүрийн орнуудын сагсан бөмбөгийн дээд лигийн аварга клубүүдийн дунд BCL буюу Basketball Champions League-г тив тус бүрд зохион байгуулж эхлээд байна. Ковидын өмнө тус лиг нь Asia Champions Cup нэртэй байсан ба энэ жилээс нэрээ Basketball Champions League Asia болгон өөрчилжээ.
МСБХ сүүлийн жилүүдэд ФИБА-тай нягт хамтран ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн жил ФИБА-ын албан ёсны конгрессын үеэр Аваргуудын лигт Монголын клубүүд, лигийн аваргаар шалгарсан шилдэг багаа оролцуулах хүсэлтийг албан ёсоор тавьсан байна.
Тус саналын хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сард ФИБА болон МСБХ албан ёсны гэрээ байгуулсан ба ФИБА-ын зүгээс “Азийн аваргуудын лигт Монголын Үндэсний дээд лигийн аварга багийг оролцуулж болно” гэсэн албан ёсны баярт мэдээг дуулгажээ. ФИБА-ийн Ази тивийг хариуцсан Гүйцэтгэх захирал Хагоп Хажириан “Олон улсын клубүүдийн тэмцээнийг зохион байгуулах нь ФИБА-ийн зүгээс ирэх жилийн тэргүүлэх зорилгуудын нэг. Бид энэ зорилгодоо олон олон улсуудыг багтааж байгаадаа баяртай байна” хэмээн мэдэгдсэн байна.