“OC Global” компанийн транзит инженер Т.Мөнхдалай: Төслийн сүүлийн 2 шатыг 5-6 жилд гүйцэтгэх боломжтой
Дэлхийн дөрвөн улсын метроны төсөлд ажиллаж байсан туршлагатай, одоогоор Египет улсын метроны төсөлд ажиллаж буй “OC Global” компанийн транзит инженер Т.Мөнхдалай өөрийн цахим хуудсандаа Улаанбаатар хотын метроны төслийн талаар сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэрбээр “Дэлхийн бусад улс ч метроны төсөлдөө зөвлөх үйлчилгээг авдаг. Улаанбаатар хотын метроны төсөлд зургаан жилд 54 сая ам.доллар төсөвлөсөн. Энэ нь огт их мөнгө биш, төгрөгөөр гэрээлэх заалтаар валютын эрсдэлтэй харагдаж байна. Дэд бүтцийн томоохон төслүүд өртгийн 5 хувь орчимд зөвлөх үйлчилгээ авдаг. Миний ажиллаж байсан төслүүд ихэвчлэн 100-200 сая ам.долларт 10 жил орчим гэрээтэй байдаг. Чиглэл бүртээ нарийн мэргэшсэн зөвлөхүүдийг цуглуулсан баг олон жил ажиллахад ийм хэмжээний зардал гардаг нь хэвийн зүйл. Одоо миний ажиллаж байгаа метроны төсөлд 5 компанийн нэгдэл бүхий 13 улсаас 80 гаруй экспертүүд ажиллаж байна.
Жайка олон улсын байгууллага Улаанбаатар хотын метротой холбоотой судалгаа, ТЭЗҮ-ийг боловсруулсан байгаа тул төслийн сүүлийн хоёр шатыг 6 жилд гүйцэтгэх боломжтой. Энэ төсөл шинээр эхлээгүй, их удаан гацсан ажил одоо үргэлжилж байна гэж харж байна. Мөн дэд бүтцийн томоохон ажлыг ямар нэг нам, улс төрч удирдан хянах боломжгүй. Тиймээс дэлхийн бусад хотууд том төслүүддээ олон улсын нарийн мэргэшсэн инженерүүдийг зөвлөх багтаа авч төслөө удирдуулдаг. Барих компаниас тусад нь зөвлөх үйлчилгээний баг авдаг шалтгаан нь барих компанийг ашиг сонирхлын зөрчилгүй, шударгаар хянаж, өртгийн өсөлт, аль болох хугацааг сунгахгүй, аюулгүй чанартайгаар метрогоо гүйцэт барихыг шаарддаг” гэв. Түүний одоо ажиллаж буй Египет улс өдөр бүр нэг цагийн цахилгааны хязгаарлалт хийдэг ч метроны хоёр шугам, Монорэйл, LRT, хот хоорондын өндөр хурдны төмөр замын төслүүдийг зэрэг барьж байгаа аж.