Олон улсын сээр цохих тэмцээнд монгол тамирчид түрүүлжээ
“Алтан мундарга-2024” олон улсын сээр цохих тэмцээн Буриад улсад болсон байна. Уг тэмцээнд Монгол, БНХАУ болон ОХУ-ын Эрхүү муж, Өвөр байгалийн хязгаар, Тува, Халимаг, Буриадын 1000 гаруй тамирчин оролцож, хурд хүчээ сорьжээ. Тус тэмцээний үнэмлэхүй аварга 1.5 сая рубль хүртсэн байна. Уг тэмцээний аваргаар Монгол улсыг төлөөлөн оролцсон Цэрэнваачигийн Бэгзрэн дэлхийн дээд амжилтыг тогтоон түрүүлжээ. Тэрээр минутад 65 сээрээс 63 цохиж түрүүлсэн байна.
Харин тус тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд мөн Монгол улсыг төлөөлөн оролцсон Мөнхдөлийн Анужин тэргүүн байр эзэлж, Тайланд улсад амрах эрхийн бичгийн эзэн болсон байна.
Буриад улсад сээр цохих тэмцээн нь өргөн тархсан үндэсний спортын төрөлд ордог байна. Цаашид ч Бүгд Найрамдах Буриад улсын Засгийн газраас сээр цохих тэмцээнийг бөх болон сур харваатай ижил түвшинд ач холбогдолтой өгч хөгжүүлэхээр болжээ.
Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн Алексей Цыденов: “Буриад үндэсний спортын төрлүүд нь үзүүштэй бөгөөд ур чадвар их шаарддаг учир олон шүтэн бишрэгч болж чадсан. Энэхүү төрөл нь зөвхөн буриадууд оршин суудаг газар нутгуудад төдийгүй, ОХУ болон бусад олон улсад түгэн дэлгэрээд байна. Манай соёл, манай спорт, манай ёс уламжлал улам бүр дэлгэрэн хөгжих болтугай” гэв.