2040 он гэхэд агаарын бохирдлыг 22 хувиар, замын түгжрэлийг 36 хувиар бууруулна
Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг зохион байгууллаа. Форумаар “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”, “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцичлал, дагуул хот”, “Засаглал, хууль эрх зүйн шинэчлэл” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд салбарынхан хэлэлцүүлэг өрнүүллээ.
- ДЭД БҮТЭЦ – ЭРЧИМ ХҮЧ, ДУЛААН ХАНГАМЖ
Улаанбаатарчуудын төвлөрсөн дулаан, цахилгаан хангамж дулааны II, III, IV болон Амгалан дулааны станцаас хангагдах ба нийт 13.5 мянга гаруй барилга, байгууламжийг дулааны эрчим хүчээр хангадаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод жилд дунджаар 221-244 МВт-ийн хэрэглээ бүхий 300 орчим барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, хэрэглээ 7-8 хувиар тогтмол өсөн нэмэгдэж байна. Өдгөө бид дулааны эх үүсвэрийн хүчин чадлаасаа даруй 60 хувиар хэтэрсэн хэрэглээтэй өдөр хоногийг аргацааж байна.
Түүчнлэн цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан болон үерийн далан сувгийн шугам хоолойн 24-67% нь ашиглалтын хугацаа дууссан. Эдгээр тоон мэдээлэл өдрөөс өдөрт өргөжин тэлж буй Улаанбаатар хот цаашид инженерийн дэд бүтцээ сайжруулахгүйгээр хөгжих боломжгүй байдалд хүрснийг нотолно. Цаашид 2030 он гэхэд нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 3328МВт хүрэх тооцоолол гарсан. Уг тооцооллоор бид 1848МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орно. Энэ нь хотын нийт хэрэглээний 55%-ийн эх үүсвэрийн чадлын дутагдалд орж, нийслэлчүүдийн тал хувь нь цахилгааны хараат байдалд орно гэсэн үг.
Бид байгаа хүчин чадлаасаа илүү гарсан хэрэглээгээ хангахын тулд ОХУ-аас жилдээ 168 сая ам.долларын импортын эрчим хүч авч хэрэглэдэг. 2023-2024 оны өвлийн их ачааллын үед цахилгаан станцуудын эрчим хүчний нийлүүлэлт, хэрэглэгчдийн цахилгаан ачааллаас хамааран нэгдсэн сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор давхардсан тоогоор 1.974.241 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг 3141МВт-аар хязгаарласан байна.
Тэгвэл энэ онд 12 байршилд нийт 2500МВт хүчин чадалтай дулааны эх үүсвэр барих төсөл арга хэмжээний ТЭЗҮ, ажлын зураг төсөл боловсруулагдсан бол 3 байршилд 900МВт хүчин чадалтай дулааны эх үүсвэр барих төслийн ТЭЗҮ боловсруулагдсан бөгөөд бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт шаардлагатай.
Бөөрөлжүүтийн 300МВт-ын хүчин чадалтай цахилгааны станцын эхний ээлжийн 150 МВт-ыг ирэх намар төвийн эрчим хүчинд нийлүүлж эхэлнэ. Харин төслийн 2-р үе шат 2025 онд ашиглалтад орж, 150 мВт-ыг нийлүүлнэ. Түүнчэн Багануурын 400МВт-ын цахилгаан станц барих төсөл, дэд өртөө, шугам сүлжээний бүтээн байгуулалтад 6.6 их наяд төгрөг шаардлагатай. Түүнчлэн 2028 онд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нийт 8 байршилд төлөвлөсөн. Төслийн хүрээнд 75МВт хүчин чадалтай усан цэнэгт нөөцлүүр 1 байршилд, 100МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц 3 байршилд, 150МВт хүчин чадалтай цахилгаан нөөцлүүр 1 байршилд, хог шатаах эх үүсвэр 3 байршилд төлөвлөсөн.
- ОРОН СУУЦЖУУЛАХ БОДЛОГО, НИЙГМИЙН СУУРЬ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖ
Нийслэлчүүд бидэнд түгжрэл, агаар, хөрсний бохирдол зэрэг хэд хэдэн томоохон хүн бүрийн өмнө тулгамдсан асуудал бий. Тэгвэл Нийслэлийн удирдлагын баг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 12-р сарын 7-нд батлуулж, дээрх асуудлуудыг цэгцлэх эрх зүйн боломжоо нээсэн юм.
Улаанбаатарчууд бид 1 сая 730 мянгуулаа. Бидний 841 мянга нь орон сууцанд амьдардаг бол үлдсэн 797 мянга нь инженерийн дэд бүтэцгүй, агаар, орчин, хөрсний бохирдол ихтэй гэр хороололд аж төрж байна. Тодруулбал өнөөдөр Улаанбаатар хотын газар нутгийн 58.2 хувийг гэр хорооллын эзлэн, төлөвлөлтгүйгээр тэлсээр байна. Үүнээс 23.9 хувийг төвлөрсөн инженерийн дэд бүтцийн хангамжид ойр төвийн бүсийн гэр хороолол, 28.8 хувийг төвлөрсөн дэд бүтцийн хангамжаас зайтай, хэсэгчилсэн инженерийн дэд бүтцийн хангамжид холбогдох боломжтой дундын бүсийн гэр хороолол эзэлж байна. Үлдсэн 50 гаруй хувийг хотын төвөөс алслагдсан гэр хороолол буюу төвлөрсөн дэд бүтцэд холбох боломжгүй, уулын ам, зуслангийн бүс гэх мэт байршилд амьдарч байгаа гэр хорооллын айл өрх эзэлж байна. Үүнийг өөрчлөхийн тулд Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгож хөгжүүлэх, хотыг тэнцвэртэй хөгжүүлэх чиглэлээр зургаан дэд төвийг байгуулахаар тусгасан.
Ингэснээр инженерийн дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн дэд төвүүдийг түшиглэн, орлогод нийцсэн, амины, ногоон, түрээсийн зэрэг орон сууцны хороолол барьж, гэр хорооллыг орон сууцжуулахаар тусгасан. Ингэхдээ эхний ээлжинд Сэлбэ дэд төвийн 2003 нэгж талбарыг чөлөөлж, чөлөөлсөн 158 га талбайд 12 мянган айлын нам давхрын орон сууц барина. Сэлбэ дэд төвийн инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн бөгөөд авто замын сүлжээг өргөтгөж, 7 буудлын уулзварын ачааллыг 30% бууруулсан. 25 мянган хүн цэвэр усны найдвартай эх үүсвэрт холбогдох цэвэр усны шугам сүлжээ, сэлбэ дулааны станц зэргийг дурдаж болно.
Сэлбэ дэд төвийн 158 га талбайд 40 хувь нь ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, 60 хувь нь барилгажих талбай байхаар төлөвлөж, 12 мянган айлын нам давхрын орон сууц барих юм. Дэд төвүүдэд зөвхөн орон сууцнаас гадна нийгмийн байгууламжуудыг төлөвлөнө. Тухайлбал, худалдаа үйлчилгээний төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэргийг байгуулах юм. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас үүдэн 90 мянга орчим хүүхэд гэрээсээ хол байрлах сургууль, цэцэрлэгийг зорьдог гэсэн судалгаа бий.
Энэ бол түгжрэлийн нэг том шалтгаан. Тиймээс Сэлбэ дэд төвд 10 сургууль, 27 цэцэрлэг байхаар төлөвлөсөн. Ташрамд дурдахад Сэлбэ дэд төвд чөлөөлсөн 158 га талбайд баригдах 12 мянган айлын орон сууцанд ойролцоох Дэнжийн 1000, Ногоон нуур, Дарь эх орчмын суурьшлын бүсийн айлуудын газрыг орон сууцаар солих боломж бүрдэнэ. Дэд төвүүдийг түшиглэсэн эдгээр бүтээн байгуулалтыг хийснээр 2040 он гэхэд агаарын бохирдлыг 22 хувиар, замын түгжрэлийг 36 хувиар бууруулах тооцоолол хийгдсэн.
- БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ИНТЕГРАЦИЧЛАЛ, ДАГУУЛ ХОТ
Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой дагуул хот байгуулах зорилт тавин ажиллаж байна. Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих шинэ зуунмод хот нь үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хот болгон хөгжүүлэх юм.
Шинэ зуунмод дагуул хотыг төлөвлөхдөө төлөвлөлтийн дагуу инженерийн дэд бүтцийг нэн тэргүүнд ашиглалтад оруулахаар бодлогын баримт бичигт тусгасан. Үүний дагуу 20 минутын алхмын зайд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, автобусны буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа, үйлчилгээ зэрэг иргэний нийгмийн суурь хэрэгцээг хангасан зөв төлөвлөлт хийнэ. Харин шинэ зуунмод хотод үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд газар ашиглуулах эрх олгохдоо зөвхөн төсөл хэлбэрээр сонгон шалгаруулах юм. Ингэснээр төлөвлөлтийн зөв бадал хадгалагдах давуу талтай.
Шинэ зуунмод хотыг эдийн засгийн чөлөөт бүс, олон нийтийн худалдаа үйлчилгээний бүс, шинэ зуунмод хотын төв-засаг захиргааны бүс, оюутны хотхон-судалгаа шинжилгээний бүс, худалдааны-бөөний төв, тээвэр логистик-үйлдвэрлэлийн бүс, олон улсын нисэх онгоцны буудал-агаарын каргоны бүс, аж ахуй-нөөц бүс гэж 8 ерөнхий бүсэд хуваан хөгжүүлнэ.
Түүнчлэн 1000 га талбайд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, 23 мянган ажлын байр шинээр бий болгож, жилдээ 3 сая жуулчин хүлээн авна гэж төлөвлөжээ. Харин 981 га талбайд 580 м2 барилга байгууламж бүхий оюутны хотхон-судалгаа шинжилгээний бүсийг байгуулж, 22 мянган оюутныг суралцуулах юм. Ингэснээр цоо шинэ залуусын, оюуны шинэ соёл бүхий суурьшлн бүс бий болно. Тэгвэл 2588 га талбайд тээвэр логистик-үйлдвэрлэлийн бүс байгуулж, 5000 орчим ажлын байр шинээр бий болгож, жилдээ 4 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх тооцоолол боловсруулжээ.
- ЗАСАГЛАЛ, ХУУЛЬ ЭРХЗҮЙН ШИНЭЧЛЭЛ
Засаг захиргааны шинэчлэл буюу 20 минутын хот
Улсын хүн амын 50 орчим хувь нь ажиллаж, амьдарч буй Улаанбаатар хот өдгөө засаг захиргааны шинэчлэл хийн, иргэддээ ээлтэй “20 минутын хот” болох том зорилт тавин ажиллаж байна. Дээрх тодорхойлолтын тухайд хотын иргэн хаана оршин сууж байгаагаасаа хамаараад гэрээд гараад 20 минутын дотор өдөр тутмын хэрэгцээгээ хангаж, нийгмийн болоод төрийн суурь үйлчилгээгээ төвөггүй авах боломжтой хот төлөвлөлт гэж энгийнээр ойлгож болно.
Хүн 5 минутад дунджаар 400 метр зам туулдаг. Тэгвэл уг зайнд эмийн сан, хүүхдийн тоглоомын талбай, төрйин үйлчилгээний цахим төв, бичил цэцэрлэгт хүрээлэн байх ёстой гэжээ. Харин 10 минутад цэцэрлэг, бага сургууль, шүдний эмнэлэг, спорт талбай, банкны үйлчилгээ зэргийг төлөвлөх ёстой байх нь. 15 минутын зай буюу 1.2 км радиуст үзвэр үйлчилгээ, ерөнхий боловсролын сургууль, худалдааны төвүүд байрших нь зохист хэмжээ гэж үзнэ. Төлөвлөлтийн хамгийн хол зай буюу 20 минутын зайд ажлын байр, цагдаагийн хэсэг, эмнэлэг байхаар төлөвлөж чадвал зохист хэмжээ болох учиртай. Эдгээр төлөвлөлтийн хүрээнд явган алхах болон унадаг дугуйгаар явах зам талбайг илүү их төлөвлөнө.
Засаглалын шинэчлэлийн хүрээнд 42 нэгжийг төлөвлөж байна. Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хүн амын төвлөрөл, нийгмийн дэд бүтэц, газар зүйн байршил зэргийг үндэслэн 42 нэгжид хуваан хүнд ойр 20 минутын хот болгох шинэчлэлийг танилцуулж байна.
Шинэчлэлийг хийснээр Улаанбаатар хотын 200 гаруй хороог халж, үндсэн 42 нэгж иргэдэд төрийн үйлчилгээг хүргэнэ. Ингэснээр эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ сайжирч, 40-50 мянган иргэн тутамд хүрч үйлчлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн улсын бүртгэлийн үйлчилгээ сайжирч, цагдаагийн хэлтсийн хамрах хүрээ багасаж, иргэнд илүү ойртох боломж нээгдэж, гэмт хэрэг, зөрчлийн тоо буурна.
Улаанбаатар хотын төлөвлөлийн алдааны бодит илрэл болсон хаягжилтын асуудал цэгцэрч, үүнийг дагасан гамшгийн менежмент сайжирна. Хамгийн чухал нь төрийн нэгжүүдийн чиг үүрэг илүү тодорхой болж, иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ойроос авах боломж бүрдэнэ.
Тодруулбал нэг хороонд дунджаар 14 албан хаагч ажиллаж, өдөрт дунджаар 15-25 иргэнд нийт 15 төрлийн төрийн үйлчилгээ үзүүлж байна. Харин 42 нэгжид шилжсэнээр 400 метр тутамд буюу шинээр 231 ширхэг төрийн үйлчилгээний хурдан систем байх төлөвлөлт хийжээ. Уг системээс иргэд нийт 440 төрлийн төрийн үйлчилгээ авах боломжтой тул хүртээмжтэй байдал үлэмж нэмэгдэх юм.