“Хөл хорио тавигдсан өдрийн маргаашнаас танхимаар хичээллэх, давтах боломжийг нээж өгнө”
Цар тахлын үеийн хичээл сургалтын хоцрогдол болон элсэлтийн асуудалтай холбоотойгоор Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Цар тахлын үед хамгийн их хохирол амсаж байгаа салбаруудад боловсролын салбар орж байна. Нэг улиралд 80-90 хоног хичээллэх ёстой ч 2020 онд ЕБС-ийн хүүхдүүд 50 хувь нь танхимаар хичээллэж чадаагүй. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотод танхимаар хичээллээгүй. Өнөөдрийн байдлаар 100-110 хоног танхимаар хичээллэж чадаагүй байна. Манай улс 12 жилийн боловсролын системтэй боловч цар тахлын улмаас 1-1.5 жилийг алдаж байгаа юм. Дэлхийн банкны хийсэн тооцооллоор бол Монголын эдийн засагт 10 жилийн дараа гэхэд 2 тэрбум долларын хохирол үүснэ гэсэн тооцоо гарсан. Энэ нь 6 их наядтай тэнцэх мөнгөн дүн юм.
Ковидын үеийн хууль гэж гаргасан. Үүний хүрээнд сургалтын төлбөрийн хугацаагаа хойшлуулах болон урьдчилж төлсөн дотуур байрны төлбөрийг дараа жилийн сургалтын төлбөрт суутгах зэрэг арга хэмжээнүүд авч байгаа. Улсын хэмжээнд байгаа 88 их дээд сургуулиуд их бага хэмжээгээр сургалтын төлбөрөө багасгах, хойшлуулах арга хэмжээ авсан. Төлбөртэй ЕБС-д улсаас хувьсах зардал өгдөг. Ингэхдээ 10 саяас дээш төлбөртэй сургуулиудад хувьсах зардал өгөхгүй гэсэн нөхцөл тавьсан. Үүнээс 1 тэрбум төгрөг хэмнэсэн. Энэхүү хэмнэсэн зардлаар гэрээсээ хичээллэх боломжгүй, хоцрогдолтой байгаа хүүхдүүдэд зарцуулахаар болсон. Ямар нэгэн гомдол санал байвал яамны вэб сайтаар мэдэгдээрэй.
Одоогийн байдлаар хөдөө орон нутагт 40 орчим сургууль танхимаар хичээллэж байна. Бид бүхэн хөл хорио тавигдсан өдрийн маргаашнаас танхимаар хичээллэх, давтах боломжийг нээж өгнө. Үүгээр ч зогсохгүй долоо хоногт дөрвөн өдөр хичээллэх болгосон. Хуучин танхимаар хичээллэх сонголт л байсан бол одоо цар тахлаас үүдэн танхим, теле хичээлийн хосолмол байдлаар орох боломж бүрдэх юм. Хичээлийн хоцрогдол бол нэг улиралд нөхөгдөх бус гурван жилийн хугацаа шаардлагатай. Үүнтэй холбоотой урт хугацааны төлөвлөгөө боловсруулна. Түүнчлэн хөл хорио дуусахаас өмнө бүх багш нараа вакцинд хамруулах арга хэмжээ авна” гэв.