Т.Баярхүү: Улсын хэмжээнд 380 өрх бүх малаа алдсан
Улс оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдал хүндэрснээс үүдэн УОК өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос өдөр бүрийн 11 цагаас иргэдэд мэдээлэл хүргэж буй. Өнөөдрийн /2024.03.22/ мэдээллээр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө.
“Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгуудад малын хорогдол хамгийн их байна. Мөн одоогийн байдлаар 380 өрх 100 хувь малаа алдсан тоон мэдээлэл иржээ. Эдгээр өрхүүдийг малжуулах төсөл, хөтөлбөр эхэлж байгаа. Аймгийн онцгой комисс болон мэргэжлийн албаныхан гуравдугаар сарын 21-ны байдлаар 194 малчин иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн 250 өрхөд хоол хүнсний тусламж үйлчилгээ үзүүлж, 1544 өрхөд өвс тэжээлийн хүргэлт хийсэн. Давхардсан тоогоор 256 алба хаагч 85 техник хэрэгсэлтэйгээр энэхүү үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд өнөдржүүлсэн байдал зарласан юм. Үүнтэй холбоотойгоор 5286 малчин өрхийг түлээ түлшээр хангаж, 5332 өрхөд хоол хүнсний тусламж үзүүлсэн байна. Мөн 14 мянга орчим иргэнд эрүүл мэндийн тусламж үзүүлжээ.
Гуравдугаар сарын 15 хүртэл төрийн цэргийн байгууллагийн 703 алба хаагч, 256 тээврийн хэрэгсэлтэйгээр ажилласан. Дотоод хүмүүнлэгийн тусламжийн хувьд 49 иргэн, 120 ААН байгууллагаас гурван тэрбум 372 сая 504 мянга төгрөг, таван иргэн 29 ААН-ээс 908 сая төгрөгийн бараа материалын хандив ирсэн. Мөн ОУ-ын хүмүүнлэгийн байгууллагаас тусламж дэмжлэгийг ихээр үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар 3.660.000 ам. долларын хандив ирсэн. Хандив тусламжийг хаваржилт хүндэрсэн аймаг сумдын малчдад тусламж хүргэн ажиллаж байна.