|

Д.Сумъяабазар: Танхимын сургалтыг 3-р сард эхлүүлэхээр ажиллаж байна

Нийслэлийн зүгээс Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран гуравдугаар сарын 1-нээс танхимын сургалтыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байгааг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээллээ.

УОК-ын Шуурхай штаб өнөөдөр цахимаар хуралдсан бөгөөд Засаг дарга цар тахлын нөхцөл байдал нь эдийн засгийн болон нийгмийн бусад салбарт хүндрэл учруулж, улмаар нийгэмд ялгавартай, тэнцвэргүй байдал үүсгэж байгаа асуудлыг хөндөв. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, төрийн зарим үйлчилгээг цахимаар шийдвэрлэж байгаа ч цахим хэрэглээнд бүрэн шилжих боломжгүй иргэд, оюутан сурагчид хоцрогдож байгаа гэдгийг онцолжээ.

Барилгын салбарын борлуулалтыг дэмжих үүднээс 87 тэрбум төгрөгөөр НОСК  орон сууц худалдан авч түрээслээд-өмчлөх хэлбэрээр төрийн албан хаагчид, иргэдэд олгож байна

Нийслэлд хөл хорио хэвээр үргэлжилсээр байвал дөрөвдүгээр сарын 1-н гэхэд 500 мянган ажлын байр эрсдэлд орох тооцоог салбарын эрдэмтэн, судлаачидтай хамтран гаргасан. Тиймээс хот эрсдэлийн зэргийг тооцож үзээд хөл хориог үе шаттай бууруулан, аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна гэлээ.

Түүнчлэн барилгын компаниудын үйл ажиллагааг эхлүүлж, ажлын байр хадгалах саналыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргав. Улмаар коронавируст цар тахлын хүнд үед барилгын салбарын борлуулалтыг дэмжих үүднээс 87 тэрбум төгрөгөөр НОСК  орон сууц худалдан авч түрээслээд-өмчлөх хэлбэрээр төрийн албан хаагчид, иргэдэд олгож байгаа аж. Тэр тусмаа цар тахлын голомт дээр ажиллан,  үүрэг  гүйцэтгэж буй албан хаагчдыг  энэхүү түрээслээд-өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамруулах  бодлогыг  хот баримталж байгаа юм.

Түүнчлэн сайжруулсан шахмал  түлшний хэрэглээтэй холбоотой аюулгүй байдлыг  хангуулж, “Угаарын удирдлагын төв” байгуулан иргэдэд зөвлөмж, мэдээлэл өгөх, угаарын аюулаас  урьдчилан сэргийлэх ажлыг  зохион байгуулж байна.  Мөн Улаанбаатар хотод тусгаарлах байруудыг яаралтай шинээр нэмж байгуулахаар ажиллаж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments