Хүүхдийн хоолны шим тэжээлийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж байна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр “Эрүүл бяцхан иргэд” ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр “Beyond Nutrition” төслийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор НЗДТГ, “Эрүүл бяцхан иргэд” ТББ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хангамжийг сайжруулахын сацуу НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-аас хийсэн судалгаагаар хүүхдийн өдөрт авах сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ 3-4 дахин бага, кальцийн хэмжээ 2.5 дахин бага, хүнснээс авах болон нарны гэрлээс авах Д амин дэм бага байгаагаас үүдэн ясны сийрэгжилт бий болж байна гэсэн үр дүн гарчээ. Иймд төслийг эхний ээлжид Баянгол дүүргийн 47 сургууль, 89 дүгээр цэцэрлэгт хэрэгжүүлж, гал тогоог нь засварлан, тоног төхөөрөмж суурилуулж, амны хөндийн иж бүрэн үзлэг, зөвлөгөөг мэргэжлийн түвшинд зохион байгуулах аж.

Тодруулбал, санамж бичгийн хүрээнд сургууль, цэцэрлэгийг автомат аяга таваг угаагчаар хангах, хүүхдийн насны онцлогт тохирсон шим тэжээлтэй хоолны цэс боловсруулах, тогооч, удирдлагыг мэргэжлийн сургалтад хамруулах, эцэг эхчүүд, сурагчдад шим тэжээлийн болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах, эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах тогтолцоонд үнэлэлт өгч зөвлөмж, боловсруулах чиглэлд хамтран ажиллана. Түүнчлэн төслийн үр дүнг үндэслэн нийслэлийн бусад сургууль, цэцэрлэгт  хэрэгжүүлэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *