Дөрөвдүгээр сарын эхээр ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байна
Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШГ/-аас ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээллийг гаргасан байна.
Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас нутгийн баруун хэсгээр харьцангуй бага, харин нутгийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, төв болон говийн ихэнх нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байгаа аж.
Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байгаа юм байна.
Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд цаг агаар тогтворгүй байх төлөв ажиглагдаж байгаа тул богино хугацааны нарийвчилсан мэдээ цаг тухай бүрд авч ашиглахыг ЦУОШГ-аас зөвлөв.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Баруун аймгуудын нутгаар
Агаарын дундаж температур: Нийт нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увсын баруун, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.
Агаарын температур, хур тунадас: Сарын эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхээр ОЖД–аас 1–3ºС–аар дулаан байх төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар.
Агаарын дундаж температур: Хөвсгөлийн нутаг, Архангайн баруун, Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.
Агаарын температур, хур тунадас: Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4ºС–аар дулаан, бусад хугацаанд ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар.
Агаарын дундаж температур: Нийт нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас ахиу байх төлөвтэй байна.
Агаарын температур, хур тунадас: Сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд хур тунадас орж, агаарын дундаж температур нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн эхээр ОЖД–аас 1–3ºС–аар дулаан, бусад хугацаанд ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар.
Агаарын дундаж температур: Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нугтаар ОЖД–ийн орчим байна. Хур тунадас Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Агаарын температур, хур тунадас: Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байгаа бол цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна. Агаарын дундаж температур нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ОЖД–аас 1–3ºС–аар дулаан байх төлөвтэй байна.
Зарим нэр томьёоны тайлбар
Олон жилийн дундаж (ОЖД) гэж юу вэ?
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ
- Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
- Төв (Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв)
- Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
- Говь (Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар“,
30-70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “нийт нутгаар” гэсэн нэр томьёо хэрэглэдэг.
Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.