Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна
УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Нийт нутгийг хамарсан цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбогдуулан эрэн хайх ажиллагааны тохиолдлууд Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн.
Өчигдрийн байдлаар Завхан аймгийн цагдаагийн байгууллагаас 2023 оны арванхоёрдугаар сараас хойш сураггүй болсон 82 настай иргэнийг эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг ирүүлсний дагуу Онцгой байдлын байгууллага ажиллаж байна.
Мөн шуурганы үеэр 82 настай иргэн сураггүй болсон тохиолдол гарсан. Тухайн иргэн шуурганы үеэр өөр айлд байж байгаад гэртээ эсэн мэнд ирсэн гэсэн мэдээллийг өгсөн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон” хэмээн ярилаа.
Завхан аймгийн Алдархаан суманд 82 настай эрэгтэй, Баянхонгорын Богдод малдаа яваад сураггүй болсон 82 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа тухай ОБЕГ-аас өчигдөр мэдээлсэн юм.