Өнгөрсөн дөрөв хоногт 1-3 насны 6 хүүхэд тогтоол усанд живж нас барлаа
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хүйтний эрч нэгэнтээ суларсан. Хаварын улиралд гол, мөрөн, нуур цөөрөм гэсэж, шар усны үер бууж тогтоол ус үүсэх энэ цаг үед иргэд усанд живж амь насаа алдах тохиолдол цөөнгүй бүртгэгддэг.
Энэ жилийн хувьд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан нялх балчир, идэр залуу, настан буурал гэлтгүй гэртээ байгаа. Гэтэл сүүлийн 4 хоногт буюу 2021.04.19-22-ны өдрүүдэд 1-3 насны 6 хүүхэд гол, тогтоол усанд живж нас барсан байна.
Тодруулбал: Завхан аймгийн Цагаан-Хайрхан, Ховд аймгийн Үенч, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Төв аймгийн Мөнгөнморьт, Сэргэлэн сумдын нутагт дээрх тохиолдлууд бүртгэгджээ.
Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж эрсдэл бүү дагуулаарай.
Хүүхдийг эрсдэлээс хамгаалахад эцэг, эхчүүдийн хараа хяналт хамгийн чухал.