Улсын эмнэлэгт үзүүлэх цагтаа очоогүй бол торгууль төлнө
Эрүүл мэндийн даатгал төлдөг ч ихэнх хүн урьдчилан сэргийлэх болон бусад нарийн мэргэжлийн үзлэгт хамрагддаггүй. Угтаа иргэн бүр жилд нэг удаа үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой байдаг. Мөн нөгөө талд эмнэлэгт цаг авсан ч тухайн товлолт өдөртөө очихгүй байх тохиолдлоос болж эмч болон үзлэгт хамрагдах гэж байгаа хүмүүс шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж, авч чадахгүй байх нь их. Тиймээс улсын эмнэлэгт цаг аваад тухайн товлолт хугацаандаа очоогүй иргэдэд торгууль ногдуулахаар болжээ.
Тодруулбал, эмнэлэгүүдэд зохиомол ачаалал үүсгэхгүйн тулд эхний удаа авсан цагтаа очоогүй иргэд дахин үзлэгийн цаг авах бол 20 мянган төгрөгийн торгууль төлөхөөр болсон байна.
Тус торгууль нь эмнэлгийн орлого болж үлдэх зохицуулалттай журам батлагдсан байна. Журмыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан бөгөөд торгуулийн мэдээллийг эмнэлэг заавал мэдээлэх ёстой аж.
Гэхдээ торгуулийн дүн хасагдсан ч ЭМД-ын сангаас иргэнд олгох тусламж үйлчилгээний зардал суутгагдахгүй, бүрэн дүнгээр олгогдоно гэдгийг ЭМДЕГ-аас мэдээллээ.
ЭМНЭЛГҮҮДИЙН ЦАГИЙГ НЭГ ДУГААРААС АВЧ БОЛНО
Цахимаар болон утсаар улсын эмнэлэгт цаг, дугаар авахад хүндрэлтэй байгааг иргэд хэлдэг. Мөн урьдчилж авсан цагаараа очихоор тухайн цагт 2-3 хүний үзлэг давхцах зэрэг тохиолдол ч гардаг байна. Тиймээс улсын эмнэлгүүдэд үзлэгийн цаг авахад холбогдох утасны жагсаалтыг хүргэж байна.
2023 оноос төрийн үйлчилгээний цахимжилт эрчимжиж байгаатай холбоотой эмнэлгийн цаг захиалгын нэгдсэн төв ажиллаж эхэлсэн. Тодруулбал, иргэд 1800-0119 дугаараар улсын бүх эмнэлэгт үзлэгийн цаг урьдчилан авах боломжтой.
Мөн тус дугаараас гадна үзүүлэх шаардлагатай эмнэлэгтэйгээ холбогдож тухайн эмнэлэгт үзүүлэх боломжтой тасаг, үзлэгт шаардлагатай шинжилгээ зэрэг бусад мэдээллийг авах боломжтой.
aa