Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын хэлхээ холбоотой Киргиз Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, улс төрийн яриа хэлэлцээг бататган бэхжүүлэх, иргэдийн солилцоог эрчимжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болох томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв.
Хоёр улсын төрийн тэргүүний харилцан тохиролцсон асуудлууд, тухайлбал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, Эрдэнэт хотод “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил урагшилж буйг сайшаав. Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Киргиз Улсаас хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхлоо илэрхийлж, оюутан залуусыг харилцан сургах, соёлын өдөрлөг хамтран зохион байгуулах санал дэвшүүлэв.
Талууд далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаа харилцан хуваалцаж, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, уул уурхай зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Н.Шакиев энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байгаа “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” II чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, илтгэл тавина. Энэ удаагийн айлчлал нь Киргиз Улсын Парламентын даргын түвшинд хийж буй анхны айлчлал юм. Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.