Х.Нямбаатар: QR кодоор зөвхөн 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино
Тээврийн хэрэгслийн зорчих зөвшөөрөл, QR кодын олголтын дагуу ХЗЯ-ны сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийт 41593 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохоор шивэлт хийгдлээ. Журмаа одоо УОК-д танилцуулна. УОКоос эцэслэнэ. Үйл ажиллагааг хязгаарлахгүй салбаруудад QR кодыг олгоно. Өвөл мэдээллийн санд мэдээллээ өгсөн байгууллагууд автомашины дугаарыг системд оруулаад хүсэлт явуулмагц эргүүлээд шинэ QR код өгнө. Яаралтай түргэн тусламжийн төвийг хөл хорионы үеэр бүх хүчин чадлаар нь ажиллуулна. Төрийн байгууллагуудаас зөвхөн төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ. QR кодыг хоёр янзаар хадгална. Нэгдүгээрт 14 хоногийн турш үйлчлэх код, 1 удаагийн код гэсэн янзаар.
Хувь хүмүүст QR код өгөхгүй. Цагдаагийн байгууллага QR кодыг газар дээр нь хүчингүй болгох боломжтой болно. Зөвхөн QR код бус ажлын тодорхойлолтоо авч явна. Анхны хөл хорионы үеэр 60, дараа нь 50 мянган тээврийн хэрэгсэл оролцож байсан бол энэ удаа эхний ээлжинд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо 41 мянган байна. Энэ удаагийн код олголт цагийн зохицуулалттай. Зөвхөн 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино. Хувийн хэргээр зорчих бүх хөдөлгөөнийг зогсоох чиглэлээр энэ журмыг зохицуулсан. Нийтийн тээвэр ч мөн адил дээрх цагийн хязгаарлалтын дагуу явна. Байгууллагууд уг цагийн хязгаарлалтад тохируулж үйл ажиллагаагаа зохицуулах ёстой. QR кодын систем өнөөдрөөс ажиллаж эхэлсэн тул хуучин QR авч байсан байгууллагууд Smartcart.mn-рүү ороод автомашиныхаа улсын дугаарыг оруулаад кодоо хэвлэж авна. Шинээр дэлгүүр нээсэн, тээврийн хэрэгслийн дугаар өөрчлөгдсөн тохиолдолд QR@gov.mn хаяг руу хүсэлтээ илгээнэ” гэлээ.