Жолоочийн зөрчлийн 10 оноог хүчингүй болголоо
Монгол Улсын Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулсан, давхардал, хийдэл бий болгож буй журмуудыг судлан цэгцэлж, хоёр дахин бууруулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын 2023 оны 191 дүгээр захирамжаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад хуулиар тусгайлан эрх олгогдсон зохицуулалтад дүн шинжилгээ хийж, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Хууль зүйн сайд (хуучин нэрээр)-ын 2015 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг 2024 оны тавдугаар сарын 6-ны өдөр хүчингүй болголоо.
“Жолооны зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болгосон шийдвэрийг 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Уг журам нь хүний үндсэн эрх болсон “зорчих эрх”-ийг захиргааны акт буюу журмаар хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасантай нийцэхгүй, зөрчиж байсан юм.
Дээрх журмыг хүчингүй болгосноор зөрчил гаргасан жолооч Зөрчлийн тухай хуулиар торгууль, шийтгэл хүлээгээд зогсохгүй давхар жолоочийн зөрчлийн оноо хасагдах, оноо нь дууссан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцогддог байсныг халж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд журмаар дамжуулж, хүний эрхэд халддаг байдлыг таслан зогсоох бодлого баримталж байгаа бөгөөд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд батлагдсан 160 гаруй журмаас талыг нь буюу 80 орчмыг нь ийнхүү хүчингүй болгож байгаа юм.