Зөөвч-Овоо төсөл хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөжээ
Дэлхий дахин эрчим хүчний асуудлыг нэн тэргүүнд тавьж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой угаас анхаарлын төвд байсан энэ салбар Орос, Украины дайны дараа улам хурцадмал, нэн тэргүүний шийдвэрлэх асуудал болж хувирсан. Тийм ч учраас манай гарагийн өнцөг булан бүрд энэ талаар хэлэлцэж, улс орнууд хамтдаа шийдэл хайж байна. 2024 онд л гэхэд эрчим хүчний сэдвээр 60 том хурал болохоор төлөвлөгдсөн нь эрчим хүч ямар хэмжээнд эрэмбэлэгдэж байгааг илтгэнэ. Хамгийн сүүлд л гэхэд Герман улсад гуравдугаар сард Berlin Energy Transition Dialogue олон улсын хурал болж өндөрлөлөө. Эрчим хүчний шилжилтийг голчлон хэлэлцдэг энэхүү хуралд дэлхийн 75 орны шийдвэр гаргах түвшний төлөөллүүдээс гадна мэргэжилтнүүд, экспертүүд оролцож асуудлаа ярилцсан юм.
Эрчим хүчний шилжилт бол хүлэмжийн хий ихээр ялгаруулж байгаа эх үүсвэрүүдийг байгальд ээлтэй, нүүрстөрөгч аль болох бага ялгаруулдаг эх үүсвэрээр солих явдал юм. Улс орон болгон энэ чиглэлээр хүчин чармайлт гаргахгүй л бол уур амьсгалын өөрчлөлтийн эрчийг сааруулах боломжгүй гэдгийг энэ хурлаар чухалчлан ярьсан байна. Ялангуяа, аль нэг улс энэ санаачилгаас сугарч үлдсэн ч, аль нэг улс илүү их хөрөнгө оруулсан ч хохирлыг нь нийтээрээ амсаж байгаа буюу байгалийн гамшигт улс орон ялгаагүй өртөж буй учраас бүгд нэгэн зүгт харах шаардлага хүссэн хүсээгүй үүсэж байгаа юм. Монгол Улсад л гэхэд сүүлийн 20 жилд цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдлийн тоо хоёр дахин нэмэгдсэнийг Ус, Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас мэдээлж буй. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр амьд орших улам хүндрэлтэй нөхцөлийг үүсгэж буй учраас Монгол Улс нүүрсний станцаа л барина гээд зүтгээд байх боломжгүй болж таарч байна.
Улс орнуудын хувьд аль болох хүлэмжийн хий бага ялгаруулах замаар эрчим хүч гаргаж авах гээд байгаа энэ зорилтод нүүрс аль ч талаараа нийцэхгүй болж байгаа нь манай улсын хувьд зайлшгүй анхаарах сэдэв болж буй юм.
Нүүрс улам бүдгэрэх нь
Уламжлалт түлш буюу нүүрс, хий, газрын тос нь хүлэмжийн хийн гол үйлдвэрлэгч эх үүсвэр болж байгаагийн хувьд хэрэглээг нь улам хумьж, энэ төрлийн хөрөнгө оруулалтад “Үгүй” гэж хэлэх бодлогоо цаашид ч хүчтэй баримтлах талаар энэ удаагийн эрчим хүчний шилжилтийн талаарх олон улсын хурлын үеэр хөндөв. Ялангуяа, түүхий нүүрс ашиглах, нүүрсний цахилгаан станцад хөрөнгө оруулах нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах бодлогын эсрэг үйл ажиллагаа болох нь улам бүр тодорхой болж байна.
Тийм ч учраас эрчим хүчний эх үүсвэрийг нэмэхдээ аль болох сэргээгдэх эрчим хүчийг сонгох нь дэлхийн бодлоготой нийцээд зогсохгүй хөрөнгө оруулахад ч нээлттэй байх нь. Харин манайх шиг шинээр нүүрсэн галлагаатай станц барихаар хөгжлийн бодлогодоо тусгавал аль ч улс орон дэмжихгүй гэдэг уур амьсгал олон улсад нэвт шингэж байна.
Олон улсын эрчим хүчний агентлаг(IEA)-аас гаргасан судалгаагаар цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалт ийнхүү тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа юм.
Цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалт 2015-2023
Нүүрстөрөгчийн ялгаруулалт бага, байгаль орчинд ээлтэй эх үүсвэрийн нэгэд цөмийн станц бичигдэж байна. Үйл ажиллагаа явуулж байхдаа цөмийн станц нь нүүрстөрөгчийн хий огт ялгаруулахгүй. Тус эх үүсвэрийг ашигласнаар сүүлийн 50 жилийн хугацаанд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 60 гаруй гегатонноор бууруулсан ба энэ нь дэлхийн эрчим хүчний бараг хоёр жил ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээтэй дүйх тоо болохыг Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-аас мэдээлжээ. Цөмийн эрчим хүч нь дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 10 орчим хувийг, нүүрстөрөгч багатай цахилгааны гуравны нэг орчим хувийг бүрдүүлдэг. Одоогоор дэлхийн 30 оронд 440 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байна. Дэлхийн 19 улсад 54 реактор баригдаж байгаагийн дөрөв нь анхны цөмийн реактороо барьсан байна. Атомын цахилгаан станц нь бүрэн хүчин чадлаараа бараг тасалдахгүй ажиллах боломжтой тул найдвартай эх үүсвэр болдгоороо онцлогтой. Тийм ч учраас эрчим хүчний эрэлтийн хэлбэлзлийг хангах, эрчим хүчний сүлжээнд тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой. Зарим атомын цахилгаан станц устөрөгчийн үйлдвэрлэл гэх мэт цахилгаан бус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үйлчилгээ нь бусад салбарыг нүүрстөрөгчөөс ангижруулахад хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа аж. Цөмийн эрчим хүчний технологийн тасралтгүй дэвшил нь цөмийн энергийг нүүрстөрөгчгүйжүүлэх илүү үр ашигтай, хямд, сонирхолтой хувилбар болгоход нөлөөлж байгаа буюу шинэлэг, дэвшилтэт шинэ үеийн реакторын загварыг бий болгож байна. Жижиг, илүү уян хатан, зарим үед зөөвөрлөх боломжтой реакторын шинэ эрин үе нь цөмийн эрчим хүч болон түүний цахилгаан бус хэрэглээг, ялангуяа дэлхийн алслагдсан болон хүрэхэд хэцүү хэсгүүдэд илүү хүртээмжтэй, хэмнэлттэй болгоход туслана гэж үзэж байгаа бөгөөд энэ нь эрчим хүчний шилжилтэд томоохон хувь нэмэр болно гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) үзэж байгаа аж.
Монголын боломж
Олон улсын чиг хандлага нэгэнт эргэж буцахгүйгээр цэвэр эрчим хүчийг чиглэсэн энэ үед Монгол Улс нар, салхины эрчим хүчний эх үүсвэрээ нэмэхээс өөр сонголтгүй болж байна. Дэлхийн хөрөнгө оруулалтын бодлого ч ийш шахах нь. Харин яг өнөөгийн нөхцөл байдалд манай улсыг тодотгож, хувь нэмрээ оруулж байгааг илэрхийлж болох ганц гэгээтэй зүйл нь цөмийн эрчим хүчний салбар болж байна. Тодруулбал, Монгол, Францын Засгийн газраас хамтран байгуулсан “Бадрах Энержи” компанийн Зөөвч-Овоо дахь уран олборлох төсөл хөдөлж эхэлбэл, манай улсад нүүр тахалж, нүүрстөрөгчийг бууруулахад дэлхийтэй хөл нийлүүлж буй нэг үзүүлэлт юм.
Цөмийн станцын гол түүхий эд болох байгалийн ураныг олборлож, түүхий эдээр нь экспортлох энэхүү төслийн хөрөнгө оруулалтын гэрээ эд яригдаж буй. Гэрээ амжилттай байгуулагдвал төсөл дор хаяж 30 жил хэрэгжих ба энэ хүрээнд 1600 орчим ногоон ажлын байр бий болгоно. Хамгийн гол зүйл бол Монгол Улсын олон улсад зөвхөн нүүрсээр биш, цөмийн эрчим хүчний түүхий эд нийлүүлэгч гэдгээр нь харж, таньдаг болох юм. Төслийн хүрээнд “Бадрах Энержи” компани бүрэн хүчин чадлаар ажилласнаар жилд 2,500 тонн уран олборлож, экспортлохоор төлөвлөж байна. Энэ нь Монгол Улсын экспортын бүтцийг мөн шинэчлэх ач холбогдолтой.
Түүнээс гадна уг компани хэрэгцээнийхээ цахилгааныг бүхэлд нь нүүрстөрөгч багатай цахилгаанаар хангахаар төлөвлөж байгаа тухайгаа олон нийтэд мэдэгдсэн. Хэрэгцээнийхээ 40 хувийг хүхрийн хүчлийн үйлдвэрээс ялгарах дулааныг эрчим хүчид хувирган хангах юм байна. Энэ нь ч нүүрстөрөгчийн ялгаруулалтаа улам бүр багасгах зорилт тавьж байгаа Орано группийн бодлогтой нийцэж байгаа юм. Орано групп нь хүлэмжийн хий ялгаруулахгүйгээр эрчим хүч үйлдвэрлэх бодлого баримталж байна. Энэ бол Монгол Улсын ялгаруулж байгаа нийт CO2-ын 70 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг эрчим хүчний салбарт “Бадрах Энержи” компанийн оруулах маш том хувь нэмэр байх юм. Мөн уурхайн сайтын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хамгийн бага түвшинд байлгах үүднээс тус компани сайтынхаа эко дизайны судалгааг эхлүүлжээ. Тэгэхээр энэ төсөл бүхэлдээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогод нийцээд зогсохгүй ногоон, тогтвортой, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих томоохон төсөл болохоор байна. Энэ утгаараа төсөл Монгол Улсын нүүрстөрөгчийн ялгаруулалтын тооллогод эерэг хувь нэмрээ оруулна гэж дүгнэж болох нь. Цаашлаад ирээдүйд цэвэр эрчим хүчний шилжилтийн үндэс суурь болохыг ч үгүйсгэхгүй.
Дэлхий нийтээрээ эрчим хүчний бие даасан байдлыг нэн тэргүүнд тавьж байна. Тэр дундаа цэвэр эрчим хүчний шилжилтийг шударгаар хийхийг, 2030 он гэхэд НҮБ-ын гишүүн орнуудын өмнө тайлангаа тавихдаа бэлдэхийг одооноос шахаж буй. Монгол Улсын өмнө том хариуцлага ирж байна.
https://www.iaea.org/bulletin/what-is-net-zero-what-is-the-role-of-nuclear-power-and-innovations
https://www.iaea.org/bulletin/what-is-the-clean-energy-transition-and-how-does-nuclear-power-fit-in
https://viewpoint.bnpparibas-am.com/huge-hydrogen-investment-potential-yet-to-be-unlocked/
https://www.iea.org/data-and-statistics/charts/annual-clean-energy-investment-2015-2023
Ц.Тамир, медиа аналист, нийтлэлч