ЭМД-тай гэрээтэй эмнэлгүүд иргэдээс нэмэлт төлбөр авч тусламж, үйлчилгээ үзүүлэх ёсгүй
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас сүүлийн үед ЭМД-тай гэрээтэй эмнэлгүүд иргэн даатгуулагчдаас нэмэлт төлбөр авч оношилгоо шинжилгээ хийж байгаа тул хууль бус нэмэлт төлбөр иргэнээс авч тусламж, үйлчилгээ үзүүлж байвал яг одоо 1800-1363 дугаарын утсанд мэдэгдэнэ үү гэх мэдэгдэл гаргажээ.
Тодруулбал, “Даатгуулагч иргэн таныг ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх үед амбулаторийн тусламж, үйлчилгээнд тогтоолд тусгасан хамтын төлбөрөөс гадна хууль бус нэмэлт төлбөр иргэнээс авч тусламж, үйлчилгээ үзүүлж байвал яг одоо 1800-1363 дугаарын утсанд мэдэгдэнэ үү.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлөх иргэд өвдөг, түнхний үе, нүдний болор солих, пет/ст оношилгоо хийлгэхэд хамтын төлбөр төлнө. Бусад тохиолдолд буюу амбулаторийн үзлэгт хамрагдах, бүх төрлийн оношилгоо хийлгэх, хэвтүүлэн эмчлүүлэх үеийн тусламж үйлчилгээг төлбөргүй авна” гэжээ.