Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
Мэдээллийн технологийн үндэсний үйлдвэрлэлийн олон улсад өрсөлдөх чадамжийг сайжруулах, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг дэмжих, хөдөлмөрийн зах зээл дэх шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх, инновацыг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ хүрээнд хуулийн төслийн боловсруулалтыг сайжруулах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэн, гарааны бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, инженер, технологийн ажилтнуудын дуу хоолойг сонсох, тэдний саналыг авах зорилгоор хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Мэдээллийн технологийн салбарын бие даасан хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох бидний санаачилга, зүтгэлийг дэмжиж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар танд талархаж байна.
Олон жил зохицуулалтгүй явсан IT салбарынхаа ирээдүйн хөгжилд санаа тавьж, алсын хараагаа илэрхийлж, зорилгоо нэгтгэн дуу хоолойгоо өргөж буй төр, хувийн хэвшлийн төлөөллүүддээ баярлалаа.
Өнөөдөр Монгол хүний мэдлэг оюун дэлхийд үнэлэгдэж, мэдээлэл технологийн инженерүүд эдийн засгийн өндөр үнэлгээтэй дэлхийн том компаниудад ажиллаж, их дээд сургуулиудад багшилж байна. Бүс нутгийн орнууд болох Казахстан, Киргизстан, Узбекстан зэрэг улсад манай салбарын залуучууд нутагшиж амжилттай экспорт хийж байна. E-Mongolia, E-Barimt, Хурдан цэг зэрэг төрийн үйлчилгээний цахим шилжилт дэлхийн өнцөг булан бүрт жишиг болж, олон улсын шагналуудыг удаа дараалан хүртэж байна.
Энэ амжилтаа бид бататгаж, Монголдоо чадварлаг залуучуудаа тогтоох, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлж, байгалийн шавхагдах баялаг дууссаны дараа эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж, нүүрс зэсийг орлох чадвартай үйлдвэрийн шинэ салбарыг өнөөдрөөс хөл дээр нь босгож, ирээдүй хойч үедээ ажилтай, орлоготой, тогтвортой хөгжилтэй улсыг өвлүүлэн үлдээхэд өнөөдрөөс анхаарах ёстой.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөлд тусгагдсан зарчмын шинжтэй гол зохицуулалт нь:
Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансар судлал зэрэг дэвшилтэт технологийн хөгжлийг түлхүү дэмжиж, энэ чиглэлийн хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр төрөөс нэгдсэн бодлогоор дэмжинэ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт, оюуны өмчийн шагнал урамшуулал, грант олгоно.
Мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлэх виртуал бүс байгуулж, гадаад дотоодын технологийн компаниуд, хөрөнгө оруулагчдыг бүртгэж, олон улсад гарах зорилготой бүс нутгийн хэмжээний мэдээлэл технологийн хаб байгуулна.
Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксын орчин бий болгоно.
Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, гарааны компанийн зах зээлийн үнэлгээг Сангийн яам, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй хамтран хийж эдийн засгийн эргэлтэнд оруулахад дэмжлэг үзүүлнэ.
Монгол Улс нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийг дэмжиж, хөдөлмөрийн зах зээл дахь шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх юм.