Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, ААН-ээс нэхэх ёсгүй

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2024.05.15/ Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг  арилгах зорилгоор батлагдсан УИХ-ын 2024 оны 05 дугаар тогтоолын  хэрэгжилтийн талаар  мэдээлэл сонслоо. Байнгын хорооны хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг гишүүдийн 57.1 хувь нь дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов.

Энэ үеэр  УИХ-ын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар “Тогтоолд төр өөрт байгаа мэдээллийг  иргэд, аж, ахуй нэгжээс асуухгүй гэсэн чухал заалтыг тусгасан. Жишээлбэл, Монгол Улсын иргэн тэтгэвэрт гарахын тулд олон байгууллагаас бичиг, цаас хөөцөлдөж явах хэрэгтэй болдог. Энэ нь эргээд хүнд суртал үүсгэдэг.  Тиймээс тогтоолтой холбоотой заалтууд хэрэгжиж эхэлсэн үү. Мөн дотоодын  роуминг үйлчилгээг нэвтрүүлэх дэд бүтцийг бий болгох ажил ямар шатанд явж байна гэдгийг албаныхнаас тодруулав.

ЦХХХЯ-ны  Төрийн нарийн бичгийн дарга  Б.Батцэцэг “Төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс нэхэхгүй байх тал дээр төрийн байгууллагуудтай хамтарсан уулзалтуудыг хийж байгаа. Уг ажлын хүрээнд ХНХЯ-нд салбарын процессын инженерчлэл орсонтой холбогдуулан E-Mongolia аппликейшнд зарим үйлчилгээг холбох, мэдээллийн нэгдсэн санд байгаа мэдээллийг саадгүй солилцох тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн төр өөрт байгаа мэдээллээ шаардахгүй байх асуудалд хуулийн зохицуулалтаас   гадна төрийн албан хаагчдын ойлголтод өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Тиймээс E-Mongolia академийн Төрийн цахим зохицуулалтын  газар төрийн үйлчилгээг цахимаар хүргэхтэй холбоотойгоор цахим хуулийн хэрэгжилтийг хангах талаар сургалт хийж байгаа.  Мөн 109 хууль батлагдсантай холбоотой ЦХХХЯ салбар, салбарын байгууллагын төрийн албан хаагчдад чиглэсэн мэдээлэл таниулах сургалтыг хийж байна.

Дотоодын  роуминг үйлчилгээг нэвтрүүлэх асуудлаар Харилцаа, холбооны хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газарт өгсөн.  Хуулийн төслийг Засгийн газар хэлэлцээгүй байгаа. Одоогоор энэ чиглэлээр ямар нэгэн ажил хийгдээгүй. Хуулийн төсөл батлагдвал холбогдох зохицуулалтуудыг тусгасан байгаа” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *