Ипотекийн зээл олголт 42 хувь өслөө

Таг гацаж, тэг зогсолтын байдалд шилжсэн ипотекийн зээл олголт 10 хоногийн дотор 42 хувиар өсчээ. Ердөө энэ сарын эхний 10 хоногт. Арилжааны банкуудаар дамжуулан 38.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хүсэлт гаргасан иргэдэд олгосон нь ийм өсөлт гарахад хүргэсэн гэсэн үг. Иргэдэд төдийгүй энэ салбарынханд мэдээж сайн мэдээ. Санаж байгаа бол зээлийн эх үүсвэр тодорхойгүй, хаанаас, хэрхэн санхүүжүүлэх нь эргэлзээтэй явснаас арилжааны банканд хүсэлт гаргасан иргэдийн тоо 20.1 мянга давсан нь саяхан.

Харин Засгийн газраас тогтоол гаргаж, ипотекийн зээлийн санхүүжилтэд нэмж 500 тэрбумыг зарцуулахаар шийдвэрлэсний үр дүнд 10-хан хоногийн дотор энэ хэмжээний өсөлтөд хүрэв. Хүсэлтээ өгч, хүлээлтийн байдалд шилжсэн 20.1 мянган иргэнийг нэг өдөр, нэг дор орон сууцанд оруулах нь өрөөсгөл ч зээл олголтын хэмжээ 38.8 тэрбумд хүрч, 42 хувиар өссөн нь өөрөө эерэг үзүүлэлт. “Хуримтлалын сан”-гийн үр шимийг нь түрүүчээсээ бодитоор хүртэж эхэлсний илрэл юм.

Үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нарын амны уншлага, мөрөөдөл шахуу ярьж, хэлж, хүсч ирсэн Үндэсний баялгийн сантай болох асуудал хоёр, гурван ч парламентын босго давалгүй явсан төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, хуульчилсан нь өнгөрсөн сарын үйл явдал. Нэгэн аравны дараа сая л хуульчилсан Үндэсний баялгийн санд хуримтлал үүсгэхгүйгээр цааш албажуулах нь өрөөсгөл учраас Засгийн газраас дахин тогтоол гаргасан нь уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр шийдвэр. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2024 оны цэвэр ашгийн төрд ногдох ногдол ашгаас 200 тэрбум төгрөгийг эл санд шилжүүлсэн юм.

“Хуримтлалын сан”-д эхний ээлжид төвлөрүүлсэн 500 тэрбумыг орон сууцны зээлийн хөтөлбөрт зарцуулж эхэлснээс 38.8 тэрбумын зээлийг арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд олгожээ. Үндсэндээ ипотекийн зээлд хамрагдах хүсэлт гаргасан 20.1 мянган иргэний түрүүч ийнхүү орон сууцандаа орж, төдий хэмжээний мөнгөн дүн зах зээлд, барилгын компаниудад очсон хэрэг. Хуулийг төслийг өргөн барихаас эхлээд хэлэлцэж, батлах хүртэл ил, далд эсэргүүцэлтэй нүүр тулсан ч эцэстээ монголчууд Үндэсний баялгийн сантай болсон нь буруу биш зөв байсныг эндээс төвөггүйхэн ойлгож болно.

Ачир дээрээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дээрэмдэж, тонох нь хэмээн хөөрцөглөж, шүүмжилж байсан ч начир дээрээ “Хуримтлалын сан” яагаад хэрэгтэй, яагаад улс төрийн өнцгөөс харж, хардаж болохгүйг ипотекийн зээл олголт эрчимжсэнээр ийн харуулав. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл, хөрс нь гэдгийг энд тодотгох хэрэгтэй.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд явдаг “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”, Оюу Толгой гэсэн стратегийн гурван ордын 34 хувьд ногдох ногдол ашгийн хэмжээ 500 тэрбумаар хэмжигдсэн нь ипотекийн зээлийг эрчимжүүлэх гол хөшүүрэг болсон хэрэг. Эдгээрт хамаарах ногдол ашгийн хэмжээ өсөх бүрд энэ тоо үржигдэж, хуримтлагдана. Үр дүнд нь Монгол Улс иргэн рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээг үржүүлэхийн хүрдээр арвижуулна. Эргээд дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоог бүрдүүлнэ. Юу үнэн энэ л үнэн!

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *