А.Ананд: Хэсэгхэн зуурын уураа барьж чадаагүйдээ маш их харамсаж байна
Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдаж буй “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарав. Тэд өчигдөр хасагдах шатанд Израилын шигшээ багтай тоглож хожсоноор шилдэг дөрөвт шалгараад байсан юм.
Ингэснээр манай баг олимпын эрх авахад нэгхэн алхам үлдээд байв. Гэсэн хэдий ч шигшээ баг өнгөрсөн шөнө Францын багтай медалийн эрхийн төлөө, Польшийн багтай хүрэл медалийн төлөө тоглож, тус тус ялагдал хүлээсэн. Энэ тоглолтуудад шигшээ багийн тоглогч А.Анандыг тоглуулахгүй байхаар шийдвэрлэсэн нь ийнхүү нөлөөллөө. Учир нь хүндхэн хоёр тоглолтыг манай баг сэлгээгүйгээр гурвуулаа өндөрлүүлэв. Ингэснээр Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг олимпод оролцох боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл багийн спортоор олимпод өрсөлдөх монголчуудын мөрөөдөл дахин дөрвөн жилээр ухарсан.
Тэмцээний үеэр түүний гаргасан уг үйлдэл олон нийтийг хоёр хэсэгт хуваагдуулж талцуулаад байсан. Нэг хэсэг нь “Дөрвөн жил хичээсэн зүтгэл хувь хүний сэтгэл хөдлөлөөс болж хойш татагдлаа” гэж байсан бол нөгөө хэсэг нь “А.Ананд бол маш олон тоглолтын шийдвэрлэх үед багтаа сайн үүрэг гүйцэтгэдэг байсан. Ганцхан алдаан дээр хэтэрхий их шүүмжиллээ” хэмээн байр сууриа илэрхийлж байсан.
Харин өнөөдөр /2024.05.21/ 3х3 сагсан бөмбөгийн тамирчин А.Ананд цахим хаягаараа дамжуулан нийт монголчуудаасаа уучлалт гуйжээ.
Тэрбээр ” Юуны түрүүнд нийт монголчуудаасаа уучлалт хүсье. Эцсийн мөч хүртэл тэмцсэн баг хамт олноосоо бас уучлалт хүсье. Хэсэгхэн зуурын уураа барьж чадаагүйдээ маш их харамсаж байна.
Маш том сургамж боллоо гэж харж байна. Алдаанаасаа маш сайн суралцахыг хичээж, дахин та бүгдийнхээ итгэл найдварыг алдахгүй байхыг хичээх болно. Маш их харамсаж байна. Дахин та бүхнээсээ уучлалт хүсье” гэлээ.