Э.Хүслэн шатрын өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Шатрын өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн (ААШТ) энэ сарын 9-нөөс 21-нийг дуустал Казахстаны Алматы хотод болж байна. Энэхүү тэмцээнд нийт 33 улсын 632 тамирчин (эрэгтэй 353, эмэгтэй 259) зургаан насны ангилалд өрсөлдөж буй юм.
Монгол Улсаас 28 өсвөрийн шатарчин ухаанаа уралдуулж байна. Тэмцээн өчигдөр түргэвчилсэн буюу рапид төрлөөр эхэлж, эмэгтэй мастер Эрдэнэбаярын Хүслэн эх орондоо эхний медалийг авчирлаа. Тэрбээр 15-16 насны охидын ангилалд мөнгөн медаль хүртжээ.
Түүний насны ангилалд Ираны Махса Алави 7 оноогоор түрүүлсэн бол Э.Хүслэн 6 оноо авсан юм. Охидын 16 насны ангилалд 42 тамирчин ур чадвараа сорьсон аж.
Монголын бусад тамирчны хувьд 10 хүртэлх насны ангилалд И.Цэлмүүн 5 оноогоор есдүгээрт, найм хүртэлх насны ангилалд Ц.Гэрэлт-Оюу 5 оноогоор дөрөвдүгээр байрт тус тус бичигджээ.
Тэмцээн өнөөдөр стандарт төрлөөр үргэлжилнэ.
2z11qz